
Ард түмэн С.Зориг агсны хөшөөг хэн нэгний сурталчилгааны талбай болгох гэж хандиваараа босгоогүй. Хотын төвд сул зай бөглөх гэж ч бүтээгээгүй. Түүний итгэж үнэмшсэн үзэл санаа, нийгэмдээ авчрахыг хүссэн өөрчлөлт, хийж бүтээсэн үйл хэргийг нь мартахгүй гэсэндээ босгосон. Тиймээс энэ хөшөөний үнэ цэнийг эзэлж буй газрынх нь үнээр ч, хажууд нь байрлуулсан сурталчилгаа хэдэн хүнд хүрснээр ч хэмжих боломжгүй.
Гэтэл бид түүний хөшөөг хүртэл “тайван байлгаж” чадахгүй байна.
Шөнийн цагаар хөшөөг нь нүүлгэж, хаана байх ёстойг нь тал талдаа булаацалдан, хэн зөвшөөрсөн, хэн шийдсэн тухай маргаан нийгмийг шуугиулж байсан нь саяхан. Нийслэлийн удирдлага нүүлгэхэд зөвшөөрөл өгөөгүй гэж мэдэгдэж, хуучин байршилд нь буцаахыг шаардсан. Ард түмний хандиваар боссон хөшөөний хувь заяаг хэдхэн байгууллага хоорондоо тохироод шийдэж болох уу гэсэн асуулт тэр үеэр тавигдсан юм.
Энэ асуудлын дуулиан дөнгөж намжиж байхад дахин дуулиан дэгдсэн нь хөшөөний дэргэд хөлөө унжуулан суусан хүүхдийн дүрс байрлуулсан нь сурталчилгааны ажиллагаа байжээ. С.Зориг агсны хөшөөгөөр ч зогсохгүй Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд ч хүүхдийн хөшөө байрлуулжээ..
Хөшөөг нь нүүлгэсэнд эмзэглэж, буцаан байрлуулахыг шаардсан иргэдийн өмнө одоо түүний дурсгалыг сурталчилгаанд ашиглаж болох эсэх тухай дахин маргах шалтгаан гарч ирж байна.


Хүүхдийн дүрс хөөрхөн эсэх, хийц нь сайн муу болсон тухай ярих нь чухал биш. Хүүхдийн дүрс байрлуулсныг эсэргүүцэх нь хүүхдийг эсэргүүцсэн хэрэг ч биш. Харин хэн нэгний дурсгалд зориулан бүтээсэн хөшөөг өөр байгууллага өөрийн санаа, сурталчилгаанд нийцүүлэн ашиглаж болох уу гэдэг асуудал юм. Тэр тусмаа олон нийтийн хандиваар бүтсэн, нийгмийн түүхэн ой санамжтай холбоотой хөшөөг.
Хүндэтгэл төрүүлэх ёстой газрыг гайхширал, маргаан үүсгэх талбар болгочхоод хэдэн хүнд хүрсэн, хандалтаар нь үр дүнгээ дүгнэж болохгүй.
С.Зориг агсны хөшөөний дэргэд хүмүүс цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Түүнийг мэдэх хүмүүс нь амьд сэрүүн үеийг нь дурсаж, залуу үеийнхэн хэн байсан, юуны төлөө зүтгэж явсныг нь асуудаг. Хөшөөний үндсэн утга учир нь энэ билээ.
Нийтийн эзэмшлийн талбайд байдаг учраас хэн ч ашиглаж болно гэсэн ойлголт бүр ч байж таарахгүй. Нийтийнх гэдэг эзэнгүй гэсэн үг биш. Харин олон хүнд хамаатай учраас шийдвэр гаргахдаа илүү болгоомжтой, илүү хариуцлагатай байхыг хэлнэ. Хөшөөний эргэн тойронд юу байрлуулах, ямар үйл ажиллагаа явуулах нь түүний утга агуулга, харагдах байдал, иргэдийн хүндэтгэл үзүүлэх орон зайд нөлөөлдөг.
Бизнесийн байгууллагад бүтээгдэхүүнээ сурталчлах олон арга, олон талбай бий. Нийгэмд сайн санаа хүргэхийг зорьсон байлаа ч тэр санаагаа бусдын дурсгалыг хөндөхгүйгээр илэрхийлж болно.
С.Зориг агсныг хүндэтгэхийн тулд хөшөөнийх нь дэргэд заавал шинэ юм нэмж байрлуулах шаардлагагүй. Байгаа газар нь бүтэн, цэвэр, аюулгүй байлгах нь зүйн хэрэг гэж олон нийт үзэж байна. Түүний тухай ярихдаа компанийн сурталчилгаа, газрын маргаан бус, өөрийнх нь үйл хэрэг, үзэл санааг ярьдаг байя гэдгийг иргэд хэлэв.
Ард түмний хандиваар боссон хөшөө ард түмний хүндэтгэлийн орон зай хэвээр үлдэх ёстой. Улс төрийн тайз ч биш, бизнесийн өгөөш ч биш.
М.Солонго














Hushuu oroldood bsn ym bhgui bh, hajuud ni huuhed nasiig ni tavisan bn. Medeellel ugdug gazar hoyr taltai ym bichdeg dee. I feel like urig is in nam way. Bruh.