
Өнөөдрийн байдлаар ДЭМБ-ын мэдээллээр дэлхий даяар дор хаяж 2.2 тэрбум хүн ойрын болон холын харааны ямар нэгэн бэрхшээлтэй амьдарч байна.
Тэдгээрийн бараг тал хувь буюу 1 тэрбум гаруй тохиолдол нь урьдчилан сэргийлэх, эмчлэх эсвэл харааны шил зүүх зэрэг заслаар шийдвэрлэх боломжтой. Тэгвэл харааны өөрчлөлт зөвхөн өндөр настнуудын асуудал байхаа больжээ. Ялангуяа хүүхэд, залуусын дунд ойрын хараа буюу миопийн тархалт нэмэгдэж байгаа нь дэлхийн эрүүл мэндийн салбарын анхаарлын төвд байна. Монгол Улсад ч энэ асуудал анхаарал татаж байна.
Хараа муудах шалтгааныг зөвхөн өвчин эмгэгтэй холбон ойлгох нь өрөөсгөл. Удамшил, насжилт, чихрийн шижин зэрэг эрүүл мэндийн шалтгаанаас гадна бидний өдөр тутмын амьдралын хэв маяг нүдний эрүүл мэндэд шууд нөлөөлж байна. Гар утас, компьютер, таблетын хэрэглээ нэмэгдэж, хүн өдөрт олон цагаар ойрын зайд нэг зүйл рүү төвлөрөн харах болсон. Үүн дээр хичээлээ удаан хугацаагаар хийж, ном дэвтрээ ойроос харах, гадаа гарч алсыг харах цаг багассан, хөдөлгөөний дутагдал зэрэг нийгмийн болон амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотой аж.

Мэргэжлийн эмчийн тайлбарлаж буйгаар удамшлын хүчин зүйлийг бид өөрчлөх боломжгүй. Харин өдөр тутмын дадал, орчин нөхцөлтэй холбоотой зарим эрсдэлийг бууруулах боломжтой. Солонго нүдний эмнэлгийн Нүдний мэргэжлийн эмч Б.Тэмүүлэн дараах зөвлөгөөг өгч байна.
- Олдмолоор хараа муудах буюу ойрын зайн ачаалалтай холбоотой хараа муудна гэдэг нь нүдний алимны уртыг л бага зэрэг хойшоо сунгаад байна гэж үзээд байгаа юм. Үүнээс сэргийлж аль болох хүүхэд насанд нь гадаа тоглуулах шаардлагатай. Зуны цагт дор хаяж хоёр цаг гадаа тоглуулах, алсын зайг харуулахыг эцэг эхчүүдэд зөвлөдөг.
Мөн ойрын зайн ачааллыг нь тааруулж хичээл номыг нь бүдэг гэрэлд олон цагаар хийлгэхгүй байх шаардлагатай. Орчин цагт дэлгэцийн хэрэглээг огт хорин боломжгүй учир өдөрт үзэж байгаа хугацаа нь цаг үздэг бол үүнийг нь 10, 20 минутын зайтай үзүүлж болно.
Тэр хооронд нүдийг нь амраагаад холын зүйл рүү ширтүүлж болно. Энэ л бидний авч болох арга хэмжээ гэсэн үг. Хэрвээ муудсан тохиолдолд хараа зүйн төвөөр нэг удаа үйлчлүүлэх биш ядаж гурван сар юм уу зургаан сардаа нүдний эмнэлгээр үйлчлүүлж мэргэжлийн эмчээс зөвлөгөө аван нүдэндээ дусаалга дусаалгах хэрэгтэй. Ингэснээр нүдний булчин суларч цаашид харааны шил тааруулахад шилний хэмжээс зөв гарна.
С.Бадамханд
Видео:










