
Монгол Улсын даатгалын хураамжийн орлого 2026 оны эхний хагас жилд 296.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өсжээ.

Даатгалын хураамжийн орлого нэмэгдэхэд барилга угсралт, авто тээврийн хэрэгсэл болон хөрөнгийн даатгалын орлого өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийт хураамжийн орлогын хамгийн их хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал эзэлж, гэнэтийн осол, эмчилгээний болон жолоочийн хариуцлагын даатгал удаалжээ.
Харин даатгалын нөхөн төлбөрт эхний хагас жилд 96.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар өссөн байна. Нөхөн төлбөрийн өсөлтөд гэнэтийн осол, эмчилгээний, авто тээврийн хэрэгслийн болон хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Нийт нөхөн төлбөрийн дийлэнхийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал, жолоочийн хариуцлага болон авто тээврийн хэрэгслийн даатгал бүрдүүлсэн байна.
Мөн даатгуулагчдын гэрээний тоо 1.3 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 43.9 хувиар өсжээ. Гэрээний дийлэнхийг иргэд байгуулсан бөгөөд сайн дурын болон албан журмын даатгал нийт гэрээний ихэнх хувийг эзэлж байна.
Энэ оны эхний хагас жилд даатгалын салбарын хураамжийн орлого, нөхөн төлбөр болон даатгуулагчдын гэрээний тоо өмнөх оны мөн үеэс өссөн байна.


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо









