
АИ-92 автобензиний хомсдол, нийлүүлэлтийн хүндрэлтэй холбоотойгоор төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, шатахууны татан авалт, түгээлтийг нэмэгдүүлэхээр шуурхай ажиллаж байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ОХУ, БНХАУ-аас шатахуун татан авах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, түгээлтийг богино хугацаанд сайжруулах арга хэмжээ авч байгаа аж.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 33 вагон-цистерн буюу 1,980 тонн шатахуун Улаанбаатар хотод хүргэгдсэнбайна. Үүний зэрэгцээ шатахуун түгээх станцуудын түгээлтийг нэмэгдүүлж, иргэдийн дарааллыг богино хугацаанд бууруулахад анхаарч ажиллаж байгаа аж.
Шатахууны нийлүүлэлтийн хуваарилалт өмнө нь Улаанбаатар болон орон нутагт 50:50 харьцаагаар нийлүүлдэг байсан бол үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн хэрэгцээг хангах зорилгоор 70:30 харьцаатай болгожээ. Нийлүүлэлт тогтворжсоноор ирэх долоо хоногоос хуваарилалтыг хэвийн хэмжээнд оруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд шатахуун түгээх станцуудын 90 орчим хувь нь ажиллаж байгаа нь нийлүүлэлт нэмэгдэж байгааг харуулж байна гэж шуурхай штабаас мэдээллээ.
Мөн шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллаж, түгээлтээ нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бөгөөд иргэдийн нийтлэг эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц зохиомол хомсдол үүсгэх, шатахууныг зориудаар хязгаарлах зэрэг зөрчил гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага тооцох байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Шуурхай штабаас ААН-үүдийг хариуцлагатай ажиллаж, иргэд олон цагаар, олон хоногоор дараалалд зогсож буй нөхцөл байдлыг харгалзан бүх боломжоо дайчилж, түгээлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон юм.
Видео үзэх:









