
“Торгоны замын жингийн цуваа” Монгол Улс дахь аяллынхаа гурав дахь өдөр Элсэн тасархай, Хархорин чиглэлд үргэлжиллээ.

Хархоринд хүрэхийн өмнө оролцогчид Элсэн тасархайд түр саатаж, тэмээ унан Монголын говь, хангайн зааг болсон байгалийн онцлогтой танилцав.
Үүний дараа Хархорум музейд зочилж, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүх, археологийн олдворуудтай танилцлаа. Хархорум нь Торгоны замын чухал зангилаа, өрнө, дорнын худалдаа, соёлын уулзвар байсныг музейн үзмэрүүдээр дамжуулан танилцуулсан нь “Торгоны замын жингийн цуваа” аяллын онцлох хэсгүүдийн нэг байлаа.


Аялал цааш Хархорин сумын Улсын аварга малчин О.Баянмөнхийн хотонд үргэлжилж, оролцогчид хангай нутгийн айлын ахуй, сүү цагаан идээ боловсруулах арга, ямаа саах, ноос савах, эсгий хийх уламжлалт арга ухаантай танилцлаа.


Зочид өөрсдөө ноос савж үзэн, малын гаралтай түүхий эдийг өдөр тутмын хэрэглээнд хэрхэн боловсруулдгийг биечлэн туршиж, хангай нутгийн малчдын уламжлалт ахуй, хөдөлмөрийн арга барилтай танилцсан юм.









