
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас шатахууны нийлүүлэлт, татан авалт болон нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр, урьд шөнийн байдлаар АИ-92 автобензин тээвэрлэсэн 49 вагон Дархан өртөө болон Улаанбаатар хотод бууж, түгээлтийг 24 цагийн горимоор хийж байна. Мөн 24 вагон шатахуун замд явж байгаа бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийсний дараа нийлүүлэлтэд гаргах юм.
Одоогоор Улаанбаатар хотын 139 шатахуун түгээх станцаар 1.5 сая тонн бүтээгдэхүүний борлуулалт хийгдсэн бол орон нутагт 70 шатахуун түгээх станцад 169 тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр хүргэгдсэн байна.
Албаныхны мэдээлснээр, шатахууны нөөц тодорхой хэмжээнд буурсантай холбоотойгоор түгээлтэд хүндрэл үүссэн. Шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэхээс сэргийлж, тэгш сондгой зохицуулалтыг 15 хоногийн хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн БНХАУ, ОХУ, БНСУ-аас шатахуун татан авах захиалга баталгаажсан бөгөөд нийлүүлэлт тасралтгүй үргэлжилнэ гэдгийг мэдээллээ.
Онгоцны түлшний нийлүүлэлтэд богино хугацааны доголдол үүссэн ч БНХАУ-аас 3000 тонн бүтээгдэхүүн татан авчээ. Үүнээс 1000 тонн нь Улаанбаатар хот руу нийлүүлэгдэж байгаа бөгөөд нэмэлтээр 2000 тонн дизель түлш, 2000 тонн онгоцны түлш тээвэрлэхээр бэлтгэгдсэн байна.
Энэ сарын 3-ны өдрийн байдлаар Монгол Улс 554 мянган тонн автобензин, 1 сая тонн дизель түлш импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад автобензин 73 мянган тонн, дизель түлш 103.6 мянган тонноор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Видео үзэх:







