
Ерөнхий сайдын захирамжаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штаб ажиллаж эхэлсэн бөгөөд тус штабыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалж буй.
Шуурхай штабаас улсын хэмжээнд шатахууны нөөц буурсан нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалтаар шатахуун олгох шийдвэр гаргасан билээ. Мөн нэг автомашинд олгох шатахууны хэмжээг 50 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоож, задгай саванд шатахуун худалдаалахгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч байгаа бөгөөд онгоцны 1000 тонн түлш Замын-Үүд боомтод ирж байгаа бол ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн БНСУ-ын холбогдох байгууллага, үйлдвэрийн төлөөлөлтэй уулзаж, БНХАУ-аас эхний ээлжид 2000 тонн дизель түлш, 6000 тонн АИ-92 шатахуун татан авахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн иргэд шатахуун түгээх станцуудаас 50 мянган төгрөгөөс дээшгүй хэмжээний шатахуун худалдан авах юм.







