
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын түүхт 105 жилийн ой тохиож байна
Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100, Цагдаагийн Ахмадын байгууллагын 60 жил “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан баярын хурал болж байна.
Арга хэмжээ нээж, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хошууч генерал Ж.Болд үг хэлэв.
Тэрбээр “Эрхэм хүндэт Хууль зүй, дотоод хэргийн сайд аа! Хүндэт зочид, төлөөлөгч, хатагтай, ноёд оо!
Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагад нэгэн бүл болж, төр, ард түмэн, байгууллагынхаа төлөө өөрийн мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн эрхэм удирдлага, ахмад буурлууд аа!
Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтнууд аа!
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 105, Дотоодын цэргийн байгууллагын 104 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Мөн энэ онд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100, Автобаазын 100, Ховд аймгийн цагдаагийн газрын 100, Тээврийн цагдаагийн албаны 90, Мөрдөн шалгах албаны 80, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны 60, Орхон аймгийн цагдаагийн газрын 50, Хар тамхитай тэмцэх албаны 25 жил зэрэг олон түүхэн тэгш ойнууд тохиож байгааг дуулгахад таатай байна.
Одоогоос 115 жилийн өмнө Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хааны зарлигаар Хүрээний арван тавны цагдааг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яаманд захируулж, чиг үүргийг нь тогтоосон бөгөөд 1917 онд Богд хааны зарлигаар “Нийслэл Хүрээний тойрон газруудыг цагдан сэргийлүүлэх дүрэм хэмжээ”-г баталж, “Цагдан сэргийлэх албаны газар”-ыг байгуулж байжээ.
Улмаар Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Ардын Засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар цагдаагийн асуудлыг хэлэлцээд Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болж, хөгжлийнхөө нэгэн шинэ үеийг эхлүүлсэн юм.
Монгол Улсын анхдугаар Их Хурлаас 1924 онд “Цагдан сэргийлэх хэлтэс”-ийг Дотоод яамны харьяанд шилжүүлэн “Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар”-ыг байгуулсан бөгөөд 1934 оноос Цагдан сэргийлэх байгууллагад тусгайлсан чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн албад, аймаг, хотод цагдан сэргийлэх анги бий болон өргөжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, ардын хувьсгалын ололтыг бататгах, дайны болон бүтээн байгуулалтын жилүүдэд улс орны аюулгүй байдлыг хангах, улс, олон нийтийн өмч хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалахад тус тус чиглэгдэж байв.
Цагдаагийн байгууллага энэхүү түүхэн хөгжлийнхөө хугацаанд гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах үндсэн үүргийнхээ зэрэгцээ нийгмийн олон талт үүрэг гүйцэтгэж байжээ.
Тухайлбал, нийслэлийн дэг журам, гадаадын иргэдийн бүртгэл болон хяналт, гал түймэртэй тэмцэх, улсын хэмжээний авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, ашиглалт болон жолооч нарыг сурган бэлтгэх, насанд хүрсэн иргэдийг паспортжуулах, иргэний бүртгэл мэдээлэл, тусгай объектын хамгаалалт, төрийн тусгай хамгаалалт, нийтийг хамарсан гамшиг болон халдварт өвчний үед зарлан мэдээлэх, хорио цээр тогтоох, анхны тусламж үзүүлэх зэргийг дурьдаж болох юм.” гэв.
Шууд дамжуулалт үзэх линк:









