
Нью Йоркийн Sotheby’s дуудлага худалдаагаар орсон 67 сая жилийн настай Тираннозавр рекс үлэг гүрвэлийн араг яс 50.1 сая ам.долларын үнэд хүрчээ.
2021 онд АНУ-ын Өмнөд Дакота муж дахь эдлэн газраас олдсон 4 метр өндөр “Гас” хочтой уг Т.рекс үлэг гүрвэлийн араг яс нь 2024 онд 50 сая ам.доллароор зарагдсан стегозавр үлэг гүрвэлийн араг ясны рекордыг эвджээ.
Sotheby’s дуудлага худалдааны Шинжлэх ухаан, байгалийн түүхийн хэлтсийн тэргүүн Кассандра Хаттоны хэлснээр “Гас” үлэг гүрвэлийн араг яс ийнхүү өндөр үнэд хүрсэн нь тус үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг малтлага хийж гаргаж авахад их хэмжээний цаг хугацаа, хүн хүч, нөөц бололцоо ашигласантай холбоотой аж.
Т.рекс “Гас”-ын ясыг гаргаж авах ажил хөрс гэссэн үед буюу зөвхөн зуны улиралд явагдаж байсан ба бүх ясыг нь гаргаж авахад, гаргаж авсан яснуудаа эвлүүлэхэд тус бүр 3 жилийг зарцуулсан байна.
“Гас” гавлын ясандаа хазуулсан гэмтэлтэй, хавирга нь хугараад эдгэсэн сорвитой байсан ба эдгээр нь ан агнуур хийх үед эсвэл өөр үлэг гүрвэлүүдтэй тэмцэлдэх үед авсан гэмтлүүд байж болзошгүй аж.
Өмнөх рекордын эзэн “Апекс” стегозаврын араг ясыг худалдаж авсан тэрбумтан Кеннет Гриффин “Апекс”-ийг Америкийн Байгалийн түүхийн музейд 4 жилийн хугацаатай зээлдүүлж байсан ба Т.рекс “Гас”-ын араг ясыг худалдан авсан хүн “Гас”-ын араг ясыг ямар нэг музейд үзүүлбэр болгон тавихыг үгүйсгэхгүй аж.
ЭХ СУРВАЛЖ: BBC









