
Зуны аялал, амралтын улирал үргэлжилж, орон нутаг болон байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Иймд холын замд гарах жолооч нар автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг урьдчилан шалгаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Ялангуяа тоормосны систем, дугуй, гэрэлтүүлэг, хөргөлтийн систем, тос, шингэний түвшинг шалгахын зэрэгцээ нөөц дугуй, багаж хэрэгсэл, анхны тусламжийн иж бүрдэл, галын хор, олс зэрэг зайлшгүй шаардлагатай хэрэгслийг бүрдүүлэх нь зүйтэй.
Мөн замд гарахаас өмнө зорчих чиглэлийнхээ цаг агаарын урьдчилсан мэдээг авч, замын нөхцөлтэй танилцах, аадар бороо, хүчтэй салхи, үер усны эрсдэлтэй үед хурд хэтрүүлэхгүй, эрсдэлтэй усан гармаар нэвтрэхгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн урт замд жолоодох үед тогтмол амарч, ядарсан болон нойрмог үедээ жолоо барихгүй байх нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх юм.









