
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа мөнгөн тэмдэгт дээр гарын үсгээ хэвлүүлсэн анхны Ерөнхийлөгч болжээ.
Өнгөрсөн баасан гарагт тэрээр шинээр хэвлэгдэн гарах өөрийнх нь гарын үсэгтэй 100 ам.долларын шинэ мөнгөн дэвсгэртийн зургийг нийгмийн сүлжээндээ нийтэлжээ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын эдийн засагт онцгой хувь нэмэр оруулсан тул АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан гаргах мөнгөн дэвсгэрт дээр Ерөнхийлөгч Д.Трампын гарын үсэг байх нь зүй ёсны хэрэг хэмээн мэдэгджээ. 100 ам.долларын шинэ дэвсгэрт дээр Ерөнхийлөгч Д.Трампын гарын үсэг Сангийн сайд С.Бессентийн гарын үсгийн дээр байрлах аж.
АНУ-ын засаг захиргаа Ерөнхийлөгч Д.Трампын гарын үсэг, хөрөг зэргийг АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан гаргаж буй гадаад паспорт дээр, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн тасалбар дээр, Вашингтонд үйл ажиллагаа явуулдаг төрийн агентлагууд, соёлын байгууллагуудын барилга дээр, хадгаламжийн дэвтэр зэрэг дээр байршуулаад байгаа билээ.
Конгрессын зарим гишүүд шинэ мөнгөн дэвсгэрт дээр Ерөнхийлөгч Д.Трампын хөргийг хэвлэх санаачилга гаргасан ч АНУ-ын хуульд АНУ-ын мөнгөн дэвсгэрт, үнэт цаасан дээр хэвлэгдэх хөрөг нь нас барсан хүний хөрөг байх ёстой гэж заасан байдаг аж.
CNN









