
АНУ-ын төвийн болон зүүн зүгийн бүс нутгаар цельсийн 40 хэм хүртэл халсантай холбоотойгоор АНУ-ын зарим хотууд АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн баярын парад, тоглолт, салют буудлагын үзүүлбэр зэрэг олон арван арга хэмжээнүүдийг цуцлахад хүрчээ.
Өнгөрсөн баасан гарагт Вашингтонд агаарын хэм 38 хэм хүртэл халсантай холбоотойгоор тус хотын төвд National Mall өргөн чөлөөнд зохион байгуулагдаж байсан Great American State Fair үзэсгэлэн худалдааг хаахад хүрчээ. Тус үзэсгэлэн худалдаа нь Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан санаачилсан баярын хөтөлбөрийн гол арга хэмжээнүүдийн нэг юм.
Түүнчлэн Америкийн Ус цаг уурын албанаас бямба гарагт агаарын хэм 46 хэмд хүрэх төлөвтэй байгаа тухай анхааруулсантай холбоотойгоор жил бүр Тусгаар тогтнолын өдөр Вашингтонд зохион байгуулагддаг баярын парад цуцлагджээ.
Хэт халалтын улмаас иргэдийн эйр кондишны хэрэглээ нэмэгдэж АНУ-ын эрчим хүчний системийн ачаалал ч огцом нэмэгдсэн байна. Цахилгаан эрчим хүчний томоохон операторуудын нэг, 67 сая орчим айл өрхийг эрчим хүчээр хангадаг PJM компани иргэдийг цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг уриалжээ.
Нью Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг Con Edison компани баасан гарагийн орой 17 мянга орчим айл өрх тоггүй хоцорсон талаар мэдээлж, Нью Йорк хот болон Уэстчестер тойргийн оршин суугчдыг цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг мөн уриалжээ.
Жил бүрийн 7-р сарын 4-ны өдөр тэмдэглэдэг Тусгаар тогтнолын өдөр нь АНУ-ын хамгийн том баяруудын нэг юм. Энэ жил АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой тохиож байгаа ба үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Д.Трамп ус цаг уурын албаны анхааруулгыг үл харгалзан олон нийтийн өмнө гарч үг хэлнэ гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters









