
Рокит Бэй-ийн “Аадар бороо” дууг сонсоод Улаанбаатар-Замын-Үүд чиглэлээс Хөххотын зүг гарсан богино санагдавч урт холын аялал нар төөнөсөн зуны дунд сарын өдөр галт тэрэгний догшин хүрхрээ мэт зогсолтгүй, тасралтгүй нүргэлэх чимээгээр эхэллээ.
Манай улсын зарим иргэд “Муу сайн Хятадууд, Хятадын хог авахгүй…” гэдэг хэдий ч бид авдаг бас хэрэглэдэг хэвээр байгаа нь галт тэргэнд суусан мөчөөс л илхэн анзаарагдана. Галт тэрэгний өнөө догшин хүрхрээ шиг чимээ цагны чагтнах чимээ болон шөнийн цагт том цагны зүү тэмтчихтэй ижил боллоо, энэ бүх хугацаанд галт тэрэгний үйлчлэгч бүсгүй ажилласаар, зорчигчид алжаасаар…
Өвлийн цагт бол проводник нар галаа ч түлнэ, хөнжил гудас тараана, зорчигч нарт аюулгүй байдлын зөвлөгөө өгнө гээд тэдний ажил дуусдаггүй гэлтэй. Ингээд бүтэн шөнө дуусна, маргааш өглөө нь Замын-Үүдээс Хөх хот орох автобусанд сууж явахад суудал бүрд л монголчууд сууна, тэд өөр өөрийн гэсэн олон шалтгаантай зарим нь аялан, зугаална зарим нь эмчилгээ хийлгэнэ.
Зам зуур нэгэн гэр бүл хамгийн арын таван хүний суудалд болон түүний урд байх хоёр суудлыг эзэгнэнэ, хүүхдүүд нь чанга дуугаар Хөххот түгжирдэггүй юм уу аав аа, энд би өмнө нь ирж байсан учраас замаа сайн мэднэ, та хэдэн удаа ийшээ ирж байсан бэ? гээд олон зүйлийг ярилцаж сонстоно. Харин өвөө нь унтаж буй хүүхдээ сэрээж “Сэрээрэй, эр хүн чинь явсан замаа хардаг болохоос унтаж өнгөрдөггүй юм, тэр салхин сэнсийг хар монголд ийм юм байхгүй.” гэх зэргийг хэлнэ, уг нь манай улсад ч салхин сэнс бий.
Ингээд Монголын хилээс гарна, түүнээс холгүйхэн Хятадын хил рүү орно энэ хугацаанд хүн бүр л “Яаж нэгнийхээ урдуур орох вэ?” гэж боддог болов уу гэмээр дайрна, сүлжинэ, гүйнэ, оочер захисан байсан гээд нэгнийхээ урдуур орно, энэ “тоглоом”-д хэн ч ялахгүй бүгд л нэг автобусанд сууна.
Эхлэхдээ сонсож байсан “Аадар бороо” дуу үнэхээр л бороог дагууллаа, ирэх газраа ирэхэд маргаашаас нь хүчтэй бороо асгана. Буусан газраас холгүй Олон улсын эмнэлэг буюу монголчууд ихээр ирж эмчилгээ хийлгэдэг эмнэлэг бий. Мэдээж тэнд монгол хоолны газар олон, юун түрүүнд ороход л сайн байна уу? гээд мэндлэх юм шиг төсөөлөлтэй байсан маань автобусны жолоочоос эхлээд арилсан гэхэд болно. Гэхдээ монгол бичиг хаа сайгүй байх нь сайхан.

Хөххотын төв цэг болох Шинхуа талбайг зорин ирлээ, ойр хавийн барилга бүрээс лед гэрэл тусна, Хятад ханзаар бичсэн үгс урсана бороонд “угаагдаж” тунгалаг, цэвэрхэн байх нь энэ хотын өнгө билээ.
Өвөл яг л энэ газартаа ирж байхад таарсан нэг л монгол хэлтэй эрэгтэй хүн “Зун ирвэл гоё доо.” гэж хэлж байсан ч өвөл илүү сайхан байсан санагдана, учир нь зун бохирын хоолойны үнэр хамар сэтлэх нь холгүй байдаг юм билээ. Харин өвөл бол элдэв үнэргүй тухтай байсан юм.
Дээл, монгол бичиг, монгол аялал жуучлалын хэсэг гээд тэнд “Монголоос илүү монгол” шиг хэдий ч зарим тохиолдолд өв соёлоо өөр нэгэнд алдаж байгаа хармын сэтгэл ч төрж байснаа нуух юун.
Ингээд миний аялал ч дуусах болж нөгөө л замаар явсан. Энэ удаад Эрээнд нэг хонох бөгөөд аль нэг аймагт явж байгаа аятай олон монголчууд дунд “төөрсөн” юм. Бидний хэлж заншсанаар зээлийн хажууд байх буудалд орсон бөгөөд орой нь монгол ах нар түр тар хийнэ, нэгнийгээ түлхэж унагаах чимээ ч сонсогдоно.


Энэ чимээнээс холдож галт тэрэгтээ суухдаа тэнгэрийн улбар туяаг ажин, галт тэргийн рестораны ширээн дээрх наранцэцэгтэй хамт зуны дулааныг монголдоо авч яваа мэт.
М.Солонго










