
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Л.Мөнхбаясгалан Ардчилсан намын гишүүн Ч.Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
“Ардчилсан намын бүлгийн зүгээс Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт албан шаардлага хүргүүлсэн байгаа.
Нэгдүгээрт Үндсэн хуулийн цэц дээр үүссэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улираан томилохтой холбоотой асуудлыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Харамсалтай нь өчигдөр Үндсэн хуулийн цэц, дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа дахин сунган томилж болно гэсэн заалт Үндсэн хууль зөрчинө хэмээн дүгнэлт гарлаа. Цэцийн гишүүн О.Мөнхсайхан, Д.Гангабаатар нар тусгай санал гаргасан байгаа.
Бид бол энэ асуудлыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэцийн хоёр шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусан байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жилийн нүүр үзэж байна. Цэцийн шүүгч Л.Өлзийсайхан өөр албан тушаалд томилогдсон тул сул орон тоо гараад зургаан сар болж байна. Тэгэхээр үүн дээр Үндсэн хуулийн цэц чадамжтай юу гэдэг асуудал яригдана.
Хоёрдугаарт Батлан хамгаалахын сайд Д.Батлутын асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан байгаа. Эх орноо батлан хамгаалах залуус цэрэгийн явахаас айдаг байх ёсгүй, ар гэр нь түүний золиос болох ёсгүй. Тийм учраас бид Монгол Улсын Ерөнхий сайдтай хариуцлага тооцно. Яагаад гэвэл Ерөнхий сайдыг УИХ томтлдог, Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилдог. Тийм учраас Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна. Хэрэв хариуцлага тооцохгүй бол улс төрийн дараагийн арга хэмжээг авах болно” гэлээ.







