
2026 оны дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьд хүрч, арай гэж тогтворжуулсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд огцом савлагаа үүсэн хоёр оронтой тоонд шилжлээ.
Зах, дэлгүүрт хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа махны үнийн өсөлт инфляц өсөхөд шууд нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид хэлж байгаа.
2026 оны эхэнд 6-7 хувийн хооронд хэлбэлзэж байсан инфляц богино хугацаанд огцом өссөн нь айл өрхүүдийн өдөр тутмын хэрэглээг хумих, авдаг байснаа чадахгүйд хүрэх дарамтыг үүсгэж байна.
Инфляц өсөхөд хамгийн хүчтэй нөлөөлсөн бүтээгдэхүүний нэг нь мах.
Хаврын улиралд малын тарга хүч муудах, нийлүүлэлт багасах, тээвэр ложистикийн зардал өсөх зэрэг улирлын шинжтэй хүчин зүйлүүд махны үнийг тогтмол өсгөдөг. Харин энэ жил үүн дээр экспортын эрэлт, ченжийн дамжлага, шатахууны үнийн өсөлт давхар нөлөөлсөн байж болзошгүй гэх.
Харин ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэлэхдээ, “зориудаар, үгсэн хуйвалдаж махны үнийг өсгөсөн байх магадлалтай байна” гэсэн нь махны үнэ инфляц төдийгүй улс төрийн шийдвэрт ч нөлөөлдөг арга хэрэгсэл болсныг тод харуулсан.
Нийслэлийнхний махны гол цэг Хүчит шонхорт Ерөнхий сайд нь өөрийн биеэр очиж ажиллаад, махны үнэ, нөөцийн махны бэлтгэл түгээлтийн асуудлаар хэдэн иргэнтэй уулзахад л Хотын даргынх нь хувь заяа шийдэгдчихэж байгаа нь үүнийг баталсан.
Монголчуудын хүнсний хэрэглээний томоохон хэсгийг мах эзэлдэг учраас махны үнэ өсөхөд инфляцын ерөнхий индексийг бүхэлд нь “чирдэг” онцлогтой.
Нөгөө талдаа төгрөгийн ханшийн сулрал импортын барааны үнийг нэмэгдүүлж байна.
Ингэснээр зөвхөн хүнс биш, өргөн хэрэглээний бараа, эм, ахуйн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ зэрэгцэн өсөх нөхцөл бүрдэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл инфляц одоо зөвхөн улирлын шинжтэй бус, эдийн засгийн суурь дарамт болж хувирч эхэлж байна гэсэн үг.
Цаашид инфляц хэрхэх вэ гэдэг нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Хэрэв махны нийлүүлэлт зуны саруудад нэмэгдэж, үнэ тогтворжвол инфляц тодорхой хэмжээнд саарч магадгүй. Гэхдээ төгрөгийн ханш сул хэвээр үргэлжилж, төсвийн зардал тэлсэн хэвээр байвал үнийн өсөлт намжихгүй байх эрсдэл өндөр байна.
Улс төрчид иргэдийнхээ хоолны махаар оролдож нэгнийгээ зайлуулсан энэ арга удахгүй болох сонгуулиудын дүнг ч эргүүлж мэдэх юм гэдгийг улс төрчид ойлгох хэрэгтэй.
Өнөөдрийн инфляцын өсөлт бол зөвхөн статистикийн тоо биш. Энэ нь айл өрхийн хоолны ширээ хумигдаж, цалин бодитоор үнэгүйдэж, дундаж давхаргын худалдан авах чадвар буурч байгаагийн бодит илрэл болж байна.








