
Охин нь ChatGPT-н зөвлөгөөг дагасны улмаас Японы алдартай дасгалжуулагч албан тушаалаасаа буужээ
Японы хамгийн анхны мэргэжлийн спортын баг болох бейсболын Yomiuri Giants багийн менежер Шинносүкэ Абэг өнгөрсөн даваа гарагт хууль сахиулагчид саатуулж, мягмар гарагийн өглөө сулласан байна. Хууль сахиулагчид түүнийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэргээр саатуулжээ. Үүнтэй холбоотойгоор Шинносүкэ Абэ олон жилийн түүх болон уламжлалтай Yomiuri Giants багийн менежерийн нэр хүндийг унагасандаа уучлалт хүсэж, тус багийн менежерийн албан тушаалаасаа бууж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр зарлажээ.
47 настай Шинносүкэ Абэ өнгөрсөн даваа гарагт 18 болон 15 настай хоёр охиныхоо маргааныг таслан зогсоохоор оролдох үедээ уурандаа 18 настай охиноо түлхэж, газар унагасан аж. Түүний охин болсон явдлын талаар ChatGPT чат бот руу бичиж, зөвлөгөө хүссэн аж. ChatGPT охинд хүүхдийн тусламж, хамгааллын төвд хандаж зөвлөгөө авахыг зөвлөсний дагуу охин хүүхэд хамгааллын төвд хандаж, болсон явдлын талаар мэдүүлжээ. Түүний дуудлагыг хүлээн авсан хүүхэд хамгааллын төв Шибүяа дүүргийн цагдаад хандсанаар хууль сахиулагчид Шинносүкэ Абэг шуурхай саатуулжээ.
Аавыг нь саатуулах үеэр охин уйлж, аав нь түүнд гар хүрээгүй, энэ нь аавтайгаа анх удаа маргалдсан явдал байсан тухай мөн аавтайгаа хэдийн эвлэрсэн тухайгаа цагдаа нарт мэдүүлжээ.
Yomiuri Giants багийн эзэн Тошиказү Ямагүчи, “Бид ямар ч төрлийн хүчирхийллийг эсэргүүцдэг тийм ч учир Шинносүкэ Абэ багмйн менежерээр үлдэх боломжгүй гэж үзсэн.” гэжээ.
Шинносүкэ Абэ нь 2000 оны драфтаар Giants багт сонгогдож, тус багт 19 жил тоглосны эцэст 2019 онд зодог тайлж, Giants багийн менежерээр томилогдож байжээ.







