
Бүлгийн гишүүдээ шахаанд оруулсны дараа МАН-ынхан Ерөнхийлөгчийн талаас “эгүүлэн татах” хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн дэмжүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”,
Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх”, мөн зүйлийн 4-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахаар зохицуулжээ.
Түүнчлэн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.
Эдгээр нь Ерөнхийлөгчийн талаас парламентад тулгаж байгаа УИХ-ын гишүүний ёс зүйн алдаанд хариуцлага тооцох “эгүүлэн татах” хууль зүйн үндэслэл болж буй.
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгох явдал сүүлийн үед олны анхаарлыг татах боллоо.
Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн болон гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон бол эгүүлэн татаж хууль зүйн болон ёс зүйн хариуцлага хүлээлгэх явдал парламентын ардчиллыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болсоор байна.
Гэвч Ерөнхийлөгчийн талаас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл парламентын бүрэн эрхэд халдаж байна хэмээн байнгын хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж, байр сууриа ч илэрхийлсэн. Тэдгээрийн манлайд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон түүний талынхан гэгдэх гишүүд байлаа.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улс парламентийн засаглалтай юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай юм уу? Ерөнхийлөгч нь парламентад ажлаа тайлагнадаг юм уу эсвэл хичээл заадаг юм уу? Энэ асуудал дээр бид сүүлийн 30-аад жил хэрэлдлээ. Би хүн яриагүй. Субектив битгий хүлээж аваарай. А.Үйлстөгөлдөр хэлж байна.
Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд гэж хэдэн ч удаа ярив. Парламентын гишүүд нь төрийн эрх барих дээд байгууллагын хувьд гээд л. Ингээд энэ хоёр хоорондоо мөргөлдөөд байна. Хэн нь том нь юм бэ гэдэг зодоон яваад байна. Гүйцэтгэх засаглалаа тоглоом болгочихлоо.
Хууль тогтоох засаглалаа прокурор гэх нэг крантаар гоожуулдаг байсан бол одоо цэцээр гоожуулаад, ёс зүйн дэд хороо, улсын дээд шүүхээр гоожуулах юм байна”
УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Тангарагаасаа няцсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэх шалгуур чинь маш субъектив байна. Гишүүний үүргээ биелүүлээгүй гэдгийг яагаад заавал шүүхээр биш ҮХЦ-ээр шийдүүлэх гээд байгаа юм” гэв. Түүний асуултад ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал “Тангарагаасаа няцсан эсэхийг одоо ч тогтоох боломжтой” гэв.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын зүгээс эл хуулийн төслийн ажлын хэсэгт орж ирсэн албан тушаалтнуудаас “Улс төрийн намын гишүүнчлэлтэй юу. МАН-д улс төрийн албан тушаал хашдаг уу” гэж асуув. Үүний дараагаар “Ерөнхийлөгч өөрөө намаасаа түдгэлзсэн ч баг нь тэр чигтээ улс төрийн намын гишүүнчлэлтэй байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төрийн эрх барих байгууллагынхаа эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй. Наад хууль чинь өөрөө Ерөнхийлөгчийгөө хууль зөрчсөн байдалд оруулаад байна” гэж анхаарууллаа.
Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс,
- Өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй болон санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татаж хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох замаар Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах
- Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн ардчилсан ёсны зарчмын дагуу ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн намыг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад онцгой ач холбогдолтой юм гэлээ.
Хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хуулийн төслийг дэмжсэн болон дэмжээгүй байр сууриа илэрхийлсэн. Хуралдаан даргалагч зарим гишүүдийн зүгээс УИХ-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийн төслөөр хөндөгдөж орж ирсэн асуудлуудыг боловсронгуй болгоод цааш хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь хууль, эрх зүйн хувьд хүлээн авах боломжгүй хэмээн асуудалд хандаж байгааг тодотгов. Тийм учраас намуудын төлөөллийг жигд багтаан ажлын хэсэг байгуулаад, хуулийн төслийг тал бүрээс нь авч үзэн илүү боловсронгуй болгоход анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм. Уг санал хураалтад оролцон гишүүдийн дэмжсэн, дэмжээгүй кноп дарсан байдлыг харахад,
Дэмжсэн: А.Ариунзаяа, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, С.Бямбацогт, А.Ганбаатар, С.Зулпхар, Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа
Дэмжээгүй: Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаа, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар дарж, олонхийын саналаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.
Санал өгсөн гишүүдийг харвал нэг талд зогсож буй Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талаас Л.Оюун-Эрдэнэ өөрөө дэмжээгүй санал өгсөн ч А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир, Б.Баярбаатар, С.Зулпхар, Ц.Идэрбат нарын гишүүд дэмжиж кноп дарсан нь Д.Амарбаясгалангийн тал Ерөнхийлөгчийн талтай хэл амаа ойлголцчихооод байгаа нь харагдаж байна.








