
Засгийн газрын тогтвортой байдлыг 100 хувь дэмжиж ажиллахыг, мөн бүх хуралдаануудаа таслахгүй сууж, бүх улс төрийн шийдвэрүүдийг дэмжихийг МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийн гишүүддээ “тулгажээ”.
Тодруулан хэлбэл, Даваа гарагт болсон МАН-ын бүлгийн хурал дээр гишүүдийг дээрх шийдвэрийг баталгаажуулж гарын үсгээ зур гэсэн байна. Үүнийг парламентын ардчиллыг уландаа гишгэсэн явдал гэж үзэж буй хүмүүс цөөнгүй. Ингэж хэлэх нь аргагүй. Удирдах зөвлөл, Бүлэг гээд намын бүх түвшнээс гарсан шийдвэргүй бүгд “дэмж” гэж тулгасан үйлдэл гэж ойлгогдож байна. Олонхын тал нь нэг хууль оруулж ирлээ гэхэд тэрийг нь бүгд дэмжих ёстой болж буй гэсэн үг. Бүлгийн дарга нь бүлгийнхээ бүх гишүүдийг нэг кноп гэж харж байна.
Засгийн газрыг тогтвортой ажиллуулах болон нам, бүлгээс гарсан улс төрийн шийдвэрийг 100 хувь дэмжин ажиллах тэрхүү бичигт 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан талаар Ж.Батжаргал дарга ярьж байна.
30, 38-аараа хуваагдсан МАН-ын бүлэг яг эвлэрсэн үү гэдэг асуулт эндээс урган гарч байна. Цөөнхийн тал нь бүлгийн хурал, чуулганы хуралдаан оролцохгүй байгаа тул олонх нь “бүлгийн шийдвэр” толгойтой бичигт гарын үсэг зурж, айлгаж буй процесс. Энэ нь МАН-ыг улам л муухай харагдуулж байна.
Уг нь Монгол Улсын Их хурлын тухай хуульд “УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаанд болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдааныг таслах эрхтэй” гэж заасан байдаг. Үндсэн хуульд ч “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэх заалт бий. МАН-ын бүлэг дээрх хуулийн заалтуудыг уландаа гишгэж байна.







