
УИХ: Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Тус хуулийн төсөлд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний нэг тонн тутамд 285-750 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулах тухай өөрчлөлтийг тусгажээ.
Хуулийн төслийн өөрчлөлт:
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд, доор дурдсан агуулгатай
- 4.1.5 дахь хэсэг нэмсүгэй: “4.1.5. газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн”
2 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай
- 5.1 дэх хэсэг нэмсүгэй: “5.1. Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараах биет нэгжийг үндэслэл болгоно:”
3 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1 дэх хэсэг нэмсүгэй:
- “6.1.Энэ хуулийн 4.1.1-т заасан Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:”
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уншиж, танилцууллаа.
Хууль санаачлагчдын зүгээс 2015 онд онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшийг 520 мянган төгрөг болгон тогтоосноос үүдэж, завсрын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, уг бүтээгдэхүүнд онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаардахгүй байгаа нь хуурамч шатахуун үйлдвэрлэх гол шалтгаан гэж үзэж байна.
Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироосоор байгаа бөгөөд 19-р зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан, өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд ашигладаг нафта зэрэг бүтээгдэхүүний импорт манай улсад өссөөр байгаа нь энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэн, аж ахуй нэгжийг хохироож байна гэж үзжээ.
Тухайлбал, хольцтой шатахуун хэрэглэснээр машины тоног төхөөрөмж амархан эвдэрч, хоёр жилийн дотор хэрэглээнээс гардаг. Автомашины эвдрэлээс шалтгаалж хар утаа хаяж, хорт бодисын улмаас амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлж байна хэмээн танилцууллаа. Ялангуяа жирэмсэн эх, бага насны хүүхдүүд хуурамч шатахуун хэрэглэсэн автомашинаас гарах утаанаас болж амьсгалын эд эрхтэн нь гэмтэж буйг тайлбарлав. Тиймээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзжээ.
Үргэлжлүүлэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганбаатар уншиж, танилцууллаа.
Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд байнгын хороо, ажлын хэсгийн гишүүдээс тодруулга авч, асуулт тавьж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Өнөөдөр Монгол Улсад хэрэглэгдэж байгаа автобензин дэлхийн стандартыг хангаагүй. Манай улсад болон бусад хөгжил буурай орнуудад л хэрэглэдэг. Үүнийг ганцхан ОХУ-д л үйлдвэрлэж байгаа байх. Тэгэхээр ямар химийн нэгдэлтэй, ямар стандарт хангасан талаар мэдээлэл авмаар байна. Нөгөө талаар, ганц компаниас хамааралтай байхаар төр, засгийн бодлоготой байж болохгүй. Ганц онгоцны буудалтай болсон. Гэтэл тэр онгоцны буудлынхаа ашиглах, эзэмших эрхийг хүртэл шатахуунаас болоод хамтад нь өгөх аюултай гэрээ хүртэл яригдаж байна лээ шүү дээ. Өдрөөс өдөрт л ийм муухай зүйл хийгээд яваад байх юм. Ярьж хэлж байгаа зүйлс нь их гоё. Гэтэл ард иргэд, улс орноо бодсон шийдвэр огт гарахгүй байх юм. Үүн дээр анхаармаар байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай:
-Монгол Улсад Евро 2, 3, 4, 5 стандартын түлш хэрэглэх боломжтой байдаг. Жишээлбэл, Евро 2 стандартын автобензин 500 ppm хүхрийн агууламжтай байдаг бол Евро 2 стандартын дизель түлш 2000 ppm хүхрийн агууламжтай байдаг. Харин Евро 5 стандартын дизель түлш нь ердөө 10 ppm хүхрийн агууламжтай буюу илүү өндөр шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэйд тооцогддог.
Гэтэл Монгол Улсад импортлогдон орж ирж буй зарим дайвар бүтээгдэхүүн нь 5000–6000 ppm, түүнээс ч өндөр хүхрийн агууламжтай байдаг нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулахад өндөр зардал шаарддаг тул үйлдвэрлэлийн өртгөө бууруулах зорилгоор хямд үнээр нийлүүлдэг. Гэвч эдгээрийг зах зээлд өндөр чанарын дизель түлштэй адил үнээр худалдаалж байгаа нь хэрэглэгчдэд төдийгүй байгаль орчинд сөрөг үр дагавар учруулж байна.
Түүнчлэн уг төрлийн бүтээгдэхүүн татваргүй орж ирж байгаа нь зах зээлийн өрсөлдөөнийг алдагдуулж, стандарт хангасан бүтээгдэхүүний өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, эдгээр бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг томоохон шатахууны агуулах дээр буулгасны дараа стандартын шаардлага хангахгүй байдлаар холих тохиолдол гардаг. Тухайлбал, савыг 100 хувь дүүрэн гэж үзвэл, эхлээд оригинал дизель түлшний тодорхой хэсгийг (ойролцоогоор 25 орчим хувийг) авч, үлдсэн хэсэгт нь дайвар бүтээгдэхүүн нэмж хольж ашигладаг. Ийм төрлийн хольц нь стандартын шаардлага хангадаггүй.
Ийм хольцтой дизель түлшийг ихэвчлэн Улаанбаатар хотын төрийн өмчит компаниудад, ялангуяа нийтийн тээврийн автобусанд ашиглаж байгаа. Үүний улмаас өвлийн улиралд зам дагуух цахилгааны шон, орчны байгууламжууд харлан бохирдож байгааг олон нийт харж байгаа. Энэ нь түлшний чанартай шууд холбоотой.
Мөн уг түлшинд агуулагдах хүнд металлууд нь бүрэн шаталгүй тунаж үлдэн, агаарт дэгдэж, хүн ам, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд энэ төрлийн бүтээгдэхүүнийг хяналтгүй ашиглах нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж байна гэлээ.
Үргэлжлүүлэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжье гэсэн саналыг томьёололоор санал хураалаа.
Санал хураалтад нийт 103 гишүүн оролцож, гишүүдийн 58.3 хувь буюу 60 гишүүний саналаар санал дэмжигдлээ. Улмаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Ийнхүү үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлав.
Шууд үзэх линк:








