
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2026.04.03/ УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх, 64 гишүүний дэмжлэг авсан нэр дэвшигчийг УИХ-ын даргад санал болгон баталдаг байх зэрэг зохицуулалтыг тусгасан юм.
Энэхүү төслийн талаар санаачлагч “УИХ-ын дарга нь төвч байх ёстой, улс төрийн намын дотоод улс төрөөс ангид байх ёстой. Намын улс төр лүү оролцдоггүй, харин намуудыг парламент дотроо мэтгэлцүүлж, зөвшилцлийг нь хангуулах, жоомоо алах гээд гэрээ нураачихгүй байх хэрэгсэл нь болоод сууж байх ёстой” гэж үзэж байна.
Парламентын засаглалтой орны хувьд Үндсэн хуульд заасан үзэл санаа руугаа ойртуулах хууль эрх зүйн зохицуулалтыг ийн хийхгүй бол улс төрийн намын дотоод зодооноос болж, хоёр жилд УИХ-ын дарга аа хоёр сольсон, одоо гурав дахь спикерийг сонгох асуудал яригдаж байгаа нь парламентыг дархлаагүй болгож байна гэдэг асуудлыг ч хөндлөө. Эрх баригч хүчин МАН-ын бүлгээс УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн бөгөөд энэхүү асуудлыг хэлэлцэхээс урьтаж, УИХ-аар УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх ёстой гэх агуулга бүхий төслийг хэлэлцэх ёстой гэх байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьж байгаа юм.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуулийн төслийг судлах ёстой, ажлын хэсэг гаргах ёстой гэдэг асуудлыг хөндөж тавиад байна. Улмаар хуулийн төслөөр гишүүдээс санал хураахад олонхи нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Иймээс энэхүү хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн төслийн хамтаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: “Улсын Их Хурал гэдэг институц нь их эмзэг, салхи даган намирдаг бус, бие даасан, тусгаар улсынхаа хөдөлшгүй ноён нуруу нь болж, уул шиг дүнхийж байх ёстой. Уг нь намын дотоод сонгууль болж л байдаг, Засгийн газар хөдлөн өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Харин УИХ бол тогтвортой, ноён нуруутай байх хэрэгтэй”


УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: “Дэгийн тухай хуулийг хийх бол чанартай, сайн хийх хэрэгтэй. Эс бөгөөс хийлгүй хойшлуулсаар байж болохгүй. Сандаг дарга аа, та том бодлоготойгоо уялдуулан энэ хуулийг батлуулах нь зүйтэй. Энэ бол итгэл үнэмшлийн асуудал”


УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: “Жирийн хүмүүст ойлгогдож буйгаар энэ асуудал нь АН шантааж хийж байна гэсэн улс төрийн шахалт мэт харагдаж байна. Намын дарга, УИХ-ын даргын албыг давхар хашиж болохгүй. Мөн УИХ-ын дарга нь ямар нэг нам байгуулж, намын үйл ажиллагаанд оролцож болохгүй гэсэн ойлголт бий болж байна.
Өмнө нь “Энхболд” нэртэй хоёр хүн намын даргын албыг хашихын зэрэгцээ парламентыг удирдаж байсан. Энэ нь зөв жишиг байгаагүй гэдэг нь одоо илүү тодорхой болсон. Монгол Улс бол парламентын Бүгд Найрамдах Улс. Иймд парламентын ёс зүй, институцын бие даасан байдлыг хамгаалж, бэхжүүлж байх ёстой.
Парламент бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа гэж ойлгогддог. Гэвч өдрөөс өдөрт улс төрчид өөрсдөө олон нийтийн парламентдаа итгэх итгэлийг унагаж байна” гэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны (2026.04.03) шууд дамжуулалтыг үзэх линк:








