Тэрбээр:
“МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, намайг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ. МАН-ын дарга Удирдах зөвлөл болон бүлгийн хуралд миний УИХ-д сонгогдсон, гишүүнээр ажилласан туршлагыг харгалзан үзэж нэр дэвшүүлэх санал гаргасан. Миний хувьд 2008 оноос хойш тасралтгүй таван удаа баруун бүсээс сонгогдон ажиллаж байгаа тул парламентын үйл ажиллагааны туршлагад үндэслэн ийнхүү нэр дэвшүүлсэн гэж ойлгож болно.
Нам доторх цөөнхийн зовлон, бэрхшээлийг ойлгож, олонх болон цөөнхийн аль алинд нь ажиллаж ирсэн туршлага надад бий. Иймээс хуваагдсан, үл ойлголцож буй гишүүдийг ойлголцуулах, нэгтгэх чиглэлд тодорхой туршлагатай гэж үзэж байна. Урьд өмнөх алдаа, дутагдлаас сургамж авч, цаашид хэрхэн нэгдэж, ойлголцох ёстойг тодорхой харж, намын эв нэгдлийг хангах, гишүүдийг ойлголцуулахад онцгой анхаарч ажиллана. Ялангуяа цөөнхийн илэрхийлж буй байр суурийг анхааралтай сонсож, хүндэтгэлтэй хандах бөгөөд хойшоо биш урагшаа харж, нэгдүгээрт ард түмний эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт талуудын үл ойлголцлыг шийдвэрлэхийг чухалчилна.
Парламентын спикерийн үндсэн үүрэг бол парламентад суудалтай намуудыг зөвшилцөл, ойлголцолд хүргэх нөхцөлийг бүрдүүлж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах явдал юм. Иймд парламентад суудалтай намуудтай зөвшилцөж, ойлголцох нь чухал. Олонхын кнопоор хүч түрэх хандлага гаргахгүй, аль болох улс төржилтийг багасгаж, зөрчилгүй ажиллахад анхаарч ажиллана.
Цөөнхийн бүлгийн гишүүд, тухайлбал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан парламентын спикертэй холбоотой хууль, УИХ-ын даргыг нам бус байх тухай асуудлыг хөндсөн байна. УИХ-ын гишүүдийн олонх буюу 64 кнопоор хууль баталдаг учир, олонх хууль баталж ажиллаж байгаа нөхцөлд намын харьяаллаас түдгэлзэх асуудлыг авч үзэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.









