
Оюутны спортын VII наадмын шигшээ тэмцээн үргэлжилж байна
Монголын оюутны спортын VII наадмын зохион байгуулах хорооны дарга Ж.Баасансүрэн: Олимп, тив, дэлхийн шилдэг тамирчид дотоодын оюутны наадмаас л төрөн гардаг
Спорт бол аливаа улсын нэрийн хуудас. Тиймээс ч улс орнууд өөрийн нэр, улсаа олимп, тив дэлхий, Олон улсын тавцнаа дуурсгах зорилгоор энэ л салбартаа асар их хөрөнгө хаядаг.
Энэ ч утгаараа дэлхий дахинд зуны, өвлийн спортын төрлүүд илүү хурдацтай хөгжиж, томоохон шинж чанартай тэмцээн уралдааныг зарим улс орнууд өөрийн эх нутагтаа зохион байгуулах эрхийг авахын төлөө хатуухан өрсөлдөөнийг өрнүүлдэг.
2026 онд Монгол Улсад томоохон даацтай олон улсын 8 тэмцээнийг зохион байгуулна. Үүнээс улбаалаад дотооддоо зохион байгуулах тэмцээний чансаагаар Монголын тамирчид эх орондоо өөрийн ур чадвар ахиулан, туршлага хуримтлуулах ач холбогдол өндөртэй.
Онцолбол Монголд болох олон улсын тэмцээнээс гадна дотоодын томоохон өрсөлдөөнийг нэрлэе.
Тухайлбал,
- Монголын Бүх Ард Түмний Спортын Их Наадам
- Монголын Үндэсний Спортын Их Наадам
- Монголын Оюутны Спортын Их Наадам
- Монголын Хүүхдийн Спортын Их Наадам

Дээрх наадмууд спортын олон төрлөөр дотоодын шилдгүүдээ тодруулдаг. Тэгвэл үүний нэг онцлох спортын наадам бол Монголын Оюутны спортын их наадам юм.
Энэхүү наадам нь 2026 оны өнгөрсөн 3 дугаар сараас гүйлтийн цанын тэмцээнээр хөшгөө нээсэн. Харин энэ өдрүүдэд ширээний теннисний өрсөлдөөнөөр “Оч” клубт үргэлжилж байна. Манай редакцын сурвалжлах баг тус наадмыг зорин, Зохион байгуулах хорооны дарга, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэнтэй ярилцсанаа хүргэе. Өнөөдөр наадмын зохион байгуулах хорооны гишүүд хуралдлаа.


Ж.Баасансүрэн: Монголын дотоодод зохион байгуулж буй дөрвөн наадмаас спортын залгамж халаа маань төрөн гарч ирдэг.


-Сайн байна уу? Монголын оюутны спортын VII наадмын явц ямар байна вэ?
-Сайн байна уу. Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 183-р тогтоолын дагуу Оюутны Спортын наадмыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. Энэ удаа Монголын Оюутны спортын долдугаар наадмыг зуны спортын 13, өвлийн 1 төрлөөр зохион байгуулж байна.
-Тэгэхээр гүйлтийн цанын тэмцээний шилдгүүд тодорсон гэсэн үг үү?
-Тийм. 2026 оны гурван сарын 6-7-ны өдрүүдэд гүйлтийн цанын тэмцээнээ зохион байгуулж явуулсан. Энэхүү тэмцээнд нийт их, дээд сургуулийн 31 багийн оюутан, залуучууд оролцож, медалийн эзэд тодорсон.
Гүйлтийн цанын тэмцээн
- Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль
- Мон Алтиус Биеийн Тамирын Дээд Сургууль
- Дотоод Хэргийн Их Сургууль тус тус эхний 3 байрыг эзлэн, шагналын тавцанд зогссон.
-Энэхүү наадмын гол онцлог юу вэ?
-Оюутны Спортын Наадам хоёр жилд нэг удаа зохион байгуулагдсанаараа оюутан байхдаа улсын хэмжээний томоохон тэмцээнд хоёр удаа оролцох боломжийг нээж олгож өгсөн. Ийм учраас оюутан тамирчдад давуу талтай.
Уг тэмцээний гол онцлог маань “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамтай давхцаж явагдсан учраас гүйлтийн цанын төрлийг шинээр нэмж оруулсан.
-Нэг ёсондоо Монгол Улсын хэмжээнд оюутан тамирчдын хүсэн хүлээдэг гол наадам болов уу?
-Яг тийм. Оюутан тамирчдын оролцоо жилээс жилд өргөжиж, ур чадвар нь ч ахисан. Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын 2018 оны 183-р тогтоолын дагуу үндсэн дөрвөн их наадам болдог.
Эдгээр наадмууд нь хүүхэд наснаасаа спортын сонирхож буй ямар нэгэн төрлөөр хичээллэж, дуртай болж цаашлаад шигшээ тэмцээнд оролцож спортын замналаа үргэлжлүүлж явдаг. Энэ дөрвөн наадмаас спортын залгамж халаа маань төрөн гарч ирдэг. Эдгээр наадмуудаас гарч ирсэн тамирчид маань тив дэлхийд улсынхаа нэрийг цуурайтуулах, шилдэг тамирчид гарч ирэх эх үүсвэр нь тавигддаг. Монголын Оюутны спортын долдугаар их наадмаас шалгарсан баг тамирчдад Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагналыг нэг удаа олгогддог.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:








Ажилдаа сэтгэл ээ зориулдаг Ховордож буй төрийн албан хаагчдын 1 нь энэ хүн дээ. Ажлын амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.