
Х.Нямбаатар: Туулын хурдны замыг шүүхийн шийдвэр л зогсооно, эсвэл намайг үхсэний дараа зогсоож болно
Туул гол дагуух бүтээн байгуулалт олон нийтийн бухимдлыг түрүүлээд буй. Энэ талаар зарим иргэд “Туулын хурдны замын ажлаас болж байгаль сүйдэж байна” хэмээн шүүмжилж байгаа бол албаныхан өөрсдийн байр суурь илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Туулын замын ажил нь зөвхөн шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зогсох боломжтой бөгөөд бусад шалтгаанаар зогсоохгүй гэдгийг онцолж байна. Мөн “хөгжлөөс хойш татахгүй байх”-ыг зарим нөлөө бүхий хүмүүст анхааруулж, зам баригдсанаар ундны усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлнэ гэх мэдээллийг худал” гэж няцаав.
Түүнчлэн зарим улс төрчдийн байр суурийг шүүмжилж, байгаль орчны асуудлаар улс төр хийхээс зайлсхийх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн байна.
“МАН-ын хорооноос томоохон төслүүдийн гацаагчдад хариуцлага тооцох штабыг байгуулж байна”
Иргэд Туул гол орчмын байгаль орчин аль хэдийн доройтож эхэлснийг онцолж байна. Тухайлбал уг бүсэд өмнө нь чацарганы төгөл байсан ч устаж, оронд нь барилгажилт нэмэгдэж, бургас мод олноор тайрагдаж байгааг хэлжээ. Мөн тухайн орчимд байрлах барилгуудын бохир ус шууд Туул голд нийлж, иргэдийн ундны усанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна.
“Тэнгэр вилла” хотхоны баячууд “Борчуудад түгжрэл хамаатай, бидэнд огт хамаагүй” гэсэн үзлээр бусдыг турхирч байна. Туулын бургасыг хядаад, хашаа татаад дотор нь хаус бариад тансаг амьдрахаар гол, ус ширгэдэггүй. харин зам тавих, бүтээн байгуулалтын ажил хийх гэхээр Туул голын ус ширгээд байна гэж байхгүй.
Туулын замыг эсэргүүцэж байгаа хөрөнгөтнүүдэд хандаж хэлэхэд энэ төслийг хэрэгжүүлэхэд саад болж буй хүн бүхнийг шүүхэд өгнө. Үүнээс шалтгаалан төслийн ажил урагшлахгүй гацаж байгаа цаг, минут хором бүхэнд алданги тооцуулах болно.
Иргэд “цэвэрлэх байгууламжийн асуудлыг 30 жилийн хугацаанд дорвитой шийдээгүй” хэмээн шүүмжилж, энэ талаар дуугарсан Нийслэлийн Засаг дарга шахалтад ордог гэж дурдсан юм.
“Туулын эрэг дагуу үнэтэй хаус, орон сууцанд амьдардаг хүмүүс нийслэл хотын бүтээн байгуулалтын хөгжлийг гацаахад бусдыг турхирч, жагсагчдыг хөлсөлж байна.”
Харин албаныхан Туулын хурдны зам нь түгжрэл, агаарын бохирдол, эдийн засгийн хүндрэл зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чухал төсөл гэдгийг онцолж, уг ажлыг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө босгон, хотын удирдлагууд идэвхтэй ажиллаж байгааг мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын “Туулын хурдны зам” төслийг гацаахад нэр бүхий олон хүн гар бие оролцож, тэр бүү хэл хэвлэлийнхэнд ч нөлөөлж, тэднийг худалдаж авсан гэдгийг онцлов. Ингээд нэр бүхий хүмүүстэй холбоотой түүний хэлсэн яриаг товчхон хүргэж байна.
- Туулын хурдны замыг эсэргүүцээд байгаа н.Болор-Эрдэнэ гэж эмэгтэй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр дамжуулж “Хотын даргын орлогч дарга болъё” гэж санал тавьж байсан. Би аваагүй.
- УИХ-ын гишүүн Д.Бум-Очир МАН-ын мянга мянган гишүүд, дэмжигчдийн итгэл дээр гишүүн болчихоод ард түмний эсрэг зүйл ярьж, дарга нарыг долоож дулдуйдахаас өөр ажил хийхгүй байна.
- УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн хоёр жил хүрэхгүй хугацаанд 28 удаа гадаад томилолтоор явсан. Туулаа аваръя гээд хамгийн түрүүнд ярьж байгаа хүн бол урвагч. С.Цэнгүүний аав нь Зайсангийн гүүрний цаана зөвшөөрөлгүй барилга бариад бохир халихаар Туул гол руу цутгадаг. Ийм хүн Туул голоо аврах уу. Бүгд худал хуурмагийн туйл. МУИС-ийн реактор асан Ганцог биднийг хүүхэд байхад Сэлбийн эрэг дээр байсан “Залуу байгальчдын станц”-ыг Эм Си Эс-д зарж, Сэлбэ хотхон болгож баяжсан хүн. Өнөөдөр түүний охин Туулаа аваръя гээд явж байна, энэ ариун явдал уу.
Тиймээс Нийслэлийн намын даргын хувьд луйварчидтай, атаархагчидтай ясаа цайтал тэмцье. Энэ 10 хүрэхгүй хүмүүсийн ажлын байрны гадна талд 100, 100-аар очиж эсэргүүцье. Хөгжлөө аваръя” гэв.
М.Солонго
Видео ярилцлагын шууд дамжуулалтыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:







