
ДЦС-V төслийн санхүүжилтэд зориулж 200 тэрбум төгрөгийн бонд гаргалаа
Улаанбаатар хотын дэд бүтцийн томоохон төслийн нэг болох Дулааны V-р цахилгаан станцын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор 200 тэрбум төгрөгийн бондыг хөрөнгийн зах зээл дээр албан ёсоор арилжаалж эхэллээ. Санхүүгийн зохицуулах хорооноос 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор уг бондыг гаргах зөвшөөрлийг олгосон байна. Тус бонд нь 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй бөгөөд арилжааны захиалгыг хүлээн авахад бэлэн болжээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын онцолсноор Улаанбаатар хот анх 500 мянган хүн амд зориулан төлөвлөгдөж байсан ч өдгөө 2 сая орчим хүн амтай болж тэлээд байна. Үүнээс шалтгаалан эрчим хүч, дулаан, орон сууцны хангамжийн эрэлт эрс өссөн бөгөөд хотын нийт хүн амын 40 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг яаралтай шаардлагатай болгожээ.

Тэрбээр “Иргэдийг орон сууцжуулах бодлогын гол суурь нь дулаан, цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал юм” гэв.
Улаанбаатар хот өмнө нь дотоодын бонд гаргаж байсан бөгөөд хоёр жилийн хугацаатай уг бондын эргэн төлөлтийг бүрэн барагдуулжээ. Ийнхүү өмнөх өр төлбөргүй болсон нь ДЦС-V төслийн эхний санхүүжилтэд шаардлагатай 200 тэрбум төгрөгийг дахин зах зээлээс татах боломжийг бүрдүүлсэн байна.
ДЦС-V ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаанаар, 40-50 мянган айлыг дулаанаар хангах хүчин чадалтай шинэ эх үүсвэр бий болох юм. Төслийн эхний блокийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар хотын баруун болон хойд бүсийн эрчим хүчний хангамжийг мэдэгдэхүйц сайжруулна гэж үзэж байна.


Төслийн нийт өртөг 658.5 сая ам.доллар бөгөөд үүнээс нийслэлийн хариуцах хувь 20 хувь буюу 131.7 сая ам.доллар ойролцоогоор 467.4 тэрбум төгрөг юм. 2026 онд эхний ээлжийн 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ийнхүү бондоор босгож эхэлжээ.
Энэхүү бондын арилжаа эхэлснээр Улаанбаатар хот болон Монгол Улсын томоохон төслүүдийг хөрөнгийн зах зээлээр санхүүжүүлэх шинэ боломжуудыг нээж, ил тод, үр ашигтай санхүүжилтийн жишгийг бүрдүүлэхэд чухал алхам болно гэлээ.







