
МАН-ын Удирдах зөвлөл Г.Занданшатарын хүсэлтийг хүлээж авснаар дараагийн Ерөнхий сайдад одоогийн УИХ-ын дарга Н.Учралыг дэмжлээ.
Тэгвэл одоо УИХ-ын шинэ дарга хэн болох асуудал яригдаж байна.
Эхний байдлаар парламентад олон удаа сонгогдсон, төрийн өндөр алба хашиж байсан, мөн хамгийн боломжит хувилбарууд болох УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын нэрс тодорлоо.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд өдөрхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би УИХ-ын дарга болохгүй. Санал ирсэн ч хүлээж авахгүй” гэж хэлсэн. Гэсэн ч намаас бол гэвэл болдог л жишгийг дагах нь тодорхой. Харин Л.Энх-Амгалангийн хувьд 2012 оноос хойш 4 удаа УИХ-д сонгогдсон, үе үеийн Засгийн газарт бодлогын яам, салбар хариуцсан сайдаар ажиллаж байсан гээд туршлагатай улс төрч.
Одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй С.Бямбацогтын хувьд 2008 оноос хойш 5 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, мөн салбарын сайдаар үе үеийн Засгийн газарт ажиллаж байгаа юм.








