
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гарах шийдвэр энэ хаврын улс төржилтөд цэг тавина гэсэн хүлээлт саарал ордны дотор байгаа ч улс төржилтийн цаана Монгол төрийн эрх барих нам дотооддоо хагарсан, эв нэгдэлгүй, төрийн 2 том институцын тогтвортой байдалд нөлөөлж байгаа нь асуудлыг “том” болгож буй.
Н.Учралаар Г.Занданшатарыг мөргүүлэх ажиллагаа олны нүдэнд ил байна. Энгийнээр хэлбэл МАН-ын дарга буюу эрх баригч, парламентад олонх болсон намын дарга Засгийн газраа тэргүүлэх учиртай. Гэтэл өнөөдрийн институциудын байрлал өөрчлөгдсөн буюу намын дарга нь Н.Учрал байтал УИХ-ын дарга, харин Г.Занданшатар намын дарга биш атлаа Ерөнхий сайд байгаа нь үүний гол нугалаа гарах шалтгаан болж. Үгэндээ орохгүй хэнийг ч эсрэг талынхных нь дэмжлэгтэйгээр огцруулж, унагадаг аргаараа яс үзэж, нам тоолж эхэлсэн Г.Занданшатарыг намын дарга биш учраас огцруулж хаяхаар Рио тинтогийн тал арга сэдэж, алхамаа хийгээд эхэлсэн. Мэдээж энэ нь Н.Учралаар Г.Занданшатарыг зайлуулах.
Өөдөөс нь сөрсөн Засгийн газрыг унагаж байж л Рио тинто талынхан ашиглаж, бидэнд ашиггүй шинэ хэлцлийг санал болгох, шинэ Ерөнхий сайдад шахалт үзүүлж тулгадаг түүх дахин давтагдах гээд байх шиг.
Ерөнхий сайд Г.Занданшатар Рио тинто, Оюу толгойтой сүүлийн үед уулзахдаа монголчуудад, Монголын Засгийн газарт таалагдахгүй байгааг нь шууд хэлсэн. Засгийн газруудыг Засгийн газартай нь, Ерөнхий сайдуудыг Ерөнхий сайдтай нь талцуулж, эвдрүүлдэг нь Рио тинто талынхны чадамгай хийдэг зүйл гэдгийг Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн гээд үе үеийн засгийн газруудын түүх харуулна.
Г.Занданшатар Рио Тинтог дуудаж урдаа суулгаж байгаад “Та нартай үзэж тарна” гэж хоёргүй утгаар хэлсэн. Өчигдөрхөн л гэхэд ус бохирдуулсны төлбөр төлөх ёстой, авах чиглэлийг Усны газарт өгсөн. Харин Рио Тинтогоос 20 сая ам.доллар аваад юунд зарцуулсан нь одоо болтол тодорхойгүй Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл АН-тай нийлж Н.Учралыг УИХ-ын даргаас буу гэж хэллээ. Энэ бүлэглэлийн цаад жинхэнэ зорилго нь Г.Занданшатарыг огцруулах.
Саяхан болсон АН-ын дотоод сонгуульд Рио тинтогийн мөнгөөр олон тооны царцаа оруулсан гэх. Энэ ч үүний нотолгоо болно. Мөнгөө авсан тэд УИХ-ыг бойкотлох замаар Г.Занданшатарыг унагаж, Рио тинтогийн захиалгыг биелүүлж өгөх гэж байна. Рио Тинтод худалдагдсан бүлэглэлд нь ч тэр Рио тинтод ч тэр Г.Занданшатар таалагдахгүй байгаа нь үнэн.
Рио Тинтог сөрсөн Монголын олон Ерөнхий сайдыг тэдний захиалгаар огцруулдаг түүх ийнхүү давтагдах уу үгүй юу гэдгийг өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шийдэгдэнэ.







