
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчид төрийн албан хаагчдад олгож буй орон сууцны дэмжлэгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргахаар өнөөдөр хандлаа.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр хотын дарга Х.Нямбаатар цахим орчинд хийсэн шууд дамжуулалтын үеэр Баянзүрх дүүрэгт төрийн албан хаагчдад төсвийн хөрөнгөөс 20-30 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлж буй талаар мэдээлсэн.
Мөн уг дэмжлэг нь тодорхой компанитай холбоотой байж болзошгүй талаар хөндсөн нь олон нийтийн анхаарлыг татжээ.
Үүнтэй холбогдуулан БЗД-ийн ИТХ дахь Ардчилсан намын төлөөлөгчид уг асуудалд хяналт шалгалт хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Тэдний зүгээс төсвийн хөрөнгийн зарцуулалт ил тод, хууль ёсны эсэх, мөн орон сууцны дэмжлэгийн хүрээнд мөнгө шилжүүлсэн эсэх асуудалд хариу авахыг зорьж байгаагаа илэрхийлэв.
Төлөөлөгчдийн хэлж буйгаар, “Хэрэв энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар-т албан ёсоор хүргүүлэхгүй бол анхаарлын гадна үлдэж, шалгагдахгүй өнгөрөх эрсдэлтэй” гэж үзэж байгаа юм.
Мөн нийслэлийн төсвийн зарцуулалтад жил бүр аудит хийдэг ч үр дүн, хяналтын хэрэгжилт хангалтгүй байдаг талаар онцолж, энэ удаад холбогдох байгууллага бодитой, нээлттэй шалгалт явуулах шаардлагатайг дурдлаа.






