
“Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө (2026.02.18) Монгол төрийн золголт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 08.30 цагт ёслол төгөлдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн золголт хийв. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар ёс заншлын дагуу амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн ёсолж, ерөөл билгийг хэлэлцэн, идээ ундааг дээжлэн шинэллээ.


Билгийн тооллын шинэ жилийн эхэнд буюу цагаан сарын шинийн нэгний морин цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хан хуурыг төрийн хан хуурч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнэ хөглөн татаж цэнгүүлэв. Гал морин жилдээ төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалантай байхыг бэлгэдэн “Морины явдал” аялгуу, “Төр түмэндээ өргөх айлтгал магтаал”-ыг хуурдан аялгууллаа.










