
“Хөрөг” нэвтрүүлгийн сар шинийн баярт зориулсан шинэхэн дугаарт Морьт харвааны тамирчин, циркчин, жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Ариунболд оролцлоо.
Тэрбээр 14 чоно, нэг баавгай тэжээж байсан, морьт харвааг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ.
Түүний амьдралын мөн чанар, философи, дэлхийд Монгол Улсын үнэт чанарууд хэрхэн үнэлэгддэг тухай ярилцлаа.

Сайхан хаваржиж, сайхан шинэлж байна уу?
– Сайхан хаваржиж байна. Сар шинийн мэнд хүргэе. Ажил алба тавтай байна. Та бүхэн тавтай байна уу?
Цаг сайхан, цагаа өтгөн байна уу? Хүний нутагт морь мал унаад, сургаад явж байхдаа эх орноо санах уу?
– Тэгэлгүй яах вэ, өдөр болгон эх орноо ээж, ааваа санана. Аав минь тэнгэрийн оронд яваад 3 жил болж байна. Олон шавь нараа дагуулчихаад, архи уух эрхгүй, тамхи татаж тэдний өмнүүр таахалзаж болохгүй. Өдөржин их сайн багш байж байгаад орой бүх хүмүүсээ амраасны дараа өглөө болтол хамгийн их ганцаарддаг байлаа. Хүмүүс унтчихсан байхад солио, галзуу хүн шиг дуулаад байх биш ер нь нутгаа санах хамгийн хэцүү. Тийм учраас бид амьтан, шувууг гадаад руу авч явдаггүй.
Тэдний хувьд авч явсан хүн нь л эргээд эх оронд нь авч ирэхгүй л бол гадаадад, тэндээ ясаа тавина. Хүний үрсүүд зовлон жаргалаа ярьж байгаад заавал буцаж ирж болно шүү дээ. Би залуудаа боддог байсан зүйл бол “гаднын хүнтэй ажил яриад бүтэх бүтэхгүйдээ хамаагүй, харихад эх орон минь, ээж аав минь хүлээж байгаа юм чинь…” гэдэг сэхүүн бодол минь намайг өдий хүргэсэн. Тийм учраас миний Монгол Улс үнэхээр сайхан. Үнэхээр сайхан ард түмэн. Одоо хүмүүс хэрүүл уруул хийгээд л байна. Болохгүй болоод тэр хатуу үгнүүдийг бие биедээ хэлдэг байх.
Тэгээд 1, 2 өдөр шархлаад 3 дахиас нь нээрээ тийм байна гэж боддог байх гэж боддог юм. Би 20 гаруй жилийн өмнө Монгол хүн морьтойгоо дэлхийд түрүүлнэ гээд журмын нөхдүүддээ шавь нартаа хэлж байхад ээ тэрэн шиг үлгэр байхгүй гэж байсан. Өнөөдөр би шавь нартайгаа Дэлхийн аваргын 4 мөнгө, 2 хүрэл, 6 алтан цом одоо миний гэрт байна.
Хүн ер нь даруухан байх хэрэгтэй юу? Их мундаг юм хийчихвэл баярлаад, онгироод байж болох юм уу?
– Монгол хүмүүсийн онцлог байна. Нөгөө бага сага юм хийчихээд онгироод байвал өөрөө өөрийнхөө хяналтыг алдаад нисээд явчихдаг. Ер нь ухааны чагтага гэдэг юм байдаг, тэрэндээ захирагдаж байх ёстой. Би шавь нартаа хэлдэг. Аливаа тэмцээнд ороод хүмүүсээс илүү байгаагаа мэднэ шүү дээ.
Тэр үед “та ялаад ялалтынхаа баярыг тэмдэглээд гэртээ ороод орондоо орсны дараа би ялжээ гэж бод” гэдэг. Гэхдээ би энэ философиороо залуусаа хэтэрхий дарсан юм уу гэж боддог. Тэд ихэрхэж, дэвэрдэггүй, их даруухан залуучууд бий. – Монголчууд бүх түүхийнхээ туршид адуу гэх эрхэм амьтантай нөхөрлөж түүхээ бичилцсэн ард түмэн. Адуу судлаач нарын олон улсын судалгаанд өвөг монголчууд 6-8 мянган жилийн тэртээ Азийн тэгш өндөрлөг газар анх адуу хүн 2 учирсан тэр учирсан улсууд нь өвөг Монголчууд байсан гэдэг.
Түүнээс хойш морьтойгоо хамт төрт улсыг 5 удаа байгуулсан байна. Тэгээд Хүннү, Сүннү, наашлаад Чингис хаант Их Монгол Улс тэгээд БНМАУ, өнөөдрийн Монгол Улс гээд л морьтой салшгүй түүхтэй ард түмэн. Миний бие 3 настай морины нуруун дээр гарч үзсэнээс хойш өнөөдөр 54 дэх жилийнхээ Монгол Улсын Морин урлагийн Нэгдсэн Холбоо гэж халагдаж солигдоод 5 мянга гаруй жүжигчид, тамирчид, морины зүтгэлтнүүдтэй хамтарч ажилласан байна.


Морьт харваа – Монголын дархлаа болсон уламжлал
Морьт харваа бол зүгээр нэг спорт биш. Энэ бол Монгол Улсын үүсэл хөгжил, батлан хамгаалах түүхтэй салшгүй холбоотой өв соёл юм.
1998 онд Япон улсаас морьт харваачид ирж, гоёл чимэглэлтэй, өвөрмөц тоноглолтой үзүүлбэр үзүүлж байлаа. Тэр үед би морин тойруулгын дугуйлангийн тамирчин байсан. Багш маань Төмөржаагийн Даваадорж. Бид хэдэн залуус нийлж тэдний морьдыг бэлдэж өгсөн. Тэр үеэс л орчин үеийн морьт харваа Монголд эрчимтэй хөгжиж эхэлсэн.
Өнөөдөр Монголд:
– Дэлхийн аварга
– Азийн аварга
Олон улсын нээлттэй тэмцээнүүд
тогтмол зохион байгуулагдаж байна.
Манай тамирчид Араб, Африк, Европ, Америк гээд 5 тивийн тэмцээнүүдэд аварга, дэд байр эзэлж, Монголын нэрийг өндөрт өргөсөн.
Өнөөдөр гаднын “хөгжингүй” орнууд Монголд ирж морин спортын тэмцээнд оролцож байна. Энэ бол бидний бахархал. Одоо энэ спортыг төрийн бодлогоор дэмжих, Соёлын яам анхааралдаа авах цаг нь болсон.
Морь бол амь
Морь бол ярьж чадахгүй ч бүхнээ нүд, биеийн хэлэмжээрээ илэрхийлдэг амьтан.
Өлсөж байна уу, ядарч байна уу, өвдөж байна уу, бүгдийг нь хэлдэг.
Монгол адуу хагас зэрлэг амьдралтай. Өөрөө усаа хайна, бэлчээрээ олно. Салхи шуурганд үр төлөө хамгаална. Тийм амьтныг сургана гэдэг маш их мэдрэмж, тэвчээр шаарддаг.
Олон жил сургасан морио алдана гэдэг амьдралынхаа хагасыг алдсантай адил.
Дээр үеийн баатрууд “морь бол амины тал” гэж ярьдаг байсны учир энэ.
Амьтан сургах биш амьтнаас сурах нь ч бий. Би чоно, баавгай, бүргэд, шонхор гээд олон амьтантай ажилласан.
Хүмүүс “амьтан сургагч” гэдэг. Гэтэл үнэндээ би амьтнаас сурдаг.
Баавгайтай ажиллахын тулд яаж уурыг нь хүргэхгүй байх вэ? яаж аюулгүй ойртох вэ? чонотой ажиллахын тулд яаж айдас төрүүлэхгүй байх вэ? яаж хүндлэх вэ?
Амьтан бол хүчирхийллээр сурдаггүй.
Миний багш, Монголын циркийн нэрт сургагч Түдэвийн Доржсүрэн гуай надад хоёр зүйл захисан.
– Хүнлэг бай. Араатантай ажиллах тусам хүн эвдэрч болдог.
– Сургаж байж алдаж болохгүй. Алдаа гарвал бусдад аюултай.
Энэ үгийг би насан туршдаа баримталж явна.


Чоно бол үнэнч амьтан
Би 14 чоно, нэг баавгайтай ажиллаж байсан.
National Geographic-тай хамтран 3 баримтат кино хийсэн. Француудтай “Тайга” киноны зураг авалтыг Хөвсгөлийн Цагаан нуурт хийсэн.
Чоно бол зүгээр байвал зүгээр байдаг, үр төлдөө маш үнэнч, хил хязгаараа чанд баримталдаг амьтан.
Нэг удаа загварын шоу дээр 4 хоногийн дотор 2 чонотой ойртож дасгаад тайзан дээр алхуулж байсан.
Гэхдээ нас ахих тусам ойлгосон зүйл бий. Байгаль дээр байх ёстой амьтныг заавал эрхшээлдээ байлгах ёсгүй юм байна.
Монгол хүн гэдгээ батлах
Би “Монгол хүн” гэсэн зорилтот цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна.
Хотын нэг залууг дагуулж очоод, хамгийн догшин адууг:
– Зодохгүй
– Булгиулахгүй
– Өвтгөхгүй сургаад, тэр залууг мордуулна.
Монгол хүн гэдэг адуугаа ойлгодог, амьтантай ижил түвшинд харьцаж чаддаг ард түмэн гэдгийг харуулахыг хүсэж байна.
Монгол бол дэлхийд цөөхөн, мянга мянган жилийн түүхтэй үндэстэн.
Миний амьдралын замнал бол цирк, морин тойруулга, шавь нар, итгэл хүлээлгэсэн олон айл өрхийн буянаар би дэлхийн бүх тивд морьтой давхижээ. Гэвч эцэст нь ойлгосон зүйл бол, миний эх орон шиг сайхан нутаг хаана ч алга.
Монгол эх орондоо дор бүрнээ хөдөлмөрлөж, энэ цагийн түүхийг бичиж яваа бүх иргэддээ хандаж хэлэхэд, нрүүл энх, урт удаан насалж, санасан есөн цагаан хүсэл тань бүтэхийн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.






