
Өнгөрсөн пүрэв гарагт Бангладеш улсад болсон парламентын сонгуулиар Бангладешийн Үндэстний нам парламентын олонхын суудлыг авч, намын дарга Тарик Рахман нь Бангладешийн дараагийн Ерөнхий сайдаар томилогдох төлөвтэй байна.
Тарик Рахман нь улс төрийн нөлөө бүхий Зиагийн гэр бүлээс гаралтай улстөрч юм. Түүний ээж Халеда Зиа нь 1991-1996, 2001-2006 онуудад Бангладеш улсын Ерөнхий сайдын албыг, аав Зиаур Рахман нь 1977-1981 онд Бангладешийн 6 дахь Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан аж.
Түүний эхнэр Зубайда Рахман нь Бангладешийн Тэнгисийн цэргийн хүчний жанжин агсан Махбуб Али Ханы охин, эмч мэргэжилтэй нэгэн аж.
Тарик Рахманы Бангладешийн Үндэстний нам, Ерөнхий сайд асан Шейх Хасинагийн Авами Лиг нам хоёр Бангладешийн улс төрийн хамгийн том хоёр нам бөгөөд Бангладешийн Үндэстний нам Авами Лиг намыг сонгуулийн үр дүнг луйвардсан хэмээн өнгөрсөн хэд хэдэн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн аж.
Шейх Хасинагийн засгийн газар эрх барьж байх үед хэд хэдэн гэмт хэрэгт буруутгагдсан Тарик Рахман эх орноосоо зугтан, сүүлийн 17 жил Лондонд амьдарсан ба Лондонд амьдарч байх хугацаанд нь Ш.Хасинагийн засгийн газар түүнийг 2004 онд Дакка хотод болсон жагсаал цуглааны үеэр тэсрэх бөмбөг дэлбэлж, 24 хүний аминд хүрсэн хэргийг зохион байгуулсан хэргээр түүнд бүх насаар хорих ял оноож байжээ.
Тарик Рахман ээжийгээ Ерөнхий сайдын албан тушаал хашиж байх үед Бангладешийн засгийн газарт ажиллаж, ямар нэг албан тушаал хашиж байгаагүй ч тэрээр Бангладешийн Үндэстний нам дотор онцгой нэр нөлөөтэй нэгэн болжээ.
Ш.Хасинагийн засгийн газар унаснаар шүүхээс Тарик Рахманд оноосон ял шийтгэл хүчингүй болж, Т.Рахман эх орон руугаа буцах боломжтой болсон аж.
Тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ажлын байрнууд шинээр бий болгож, ядуу гэр бүлүүдэд санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг сэргээж, хууль журмыг сайжруулж, авлига хээл хахуулийг үгүй хийнэ хэмээн амлажээ.
Эх сурвалж: AP






