
Цаг хугацааны хураангуйг ийн цөөн асуултад өгүүлэв.
-Д.Цэрэнтогтох багш таныг хаана л барилдана хажууд тань дагаад явдаг байсан гэсэн. Та хэн, хэнийг дагаж явдаг байв?
-Олон хүнийг дагаж явсан дөө. Хамгийн их дагаж явсан нь Г.Эрхэмбаяр л байх даа. Т.Өсөх-Ирээдүй сонсвол гомдох л байх. Цуг бэлтгэл хийлгэдэг байсан хэр нь ээ Г.Эрхэмбаярыг л их дагаж явдаг байсан гээд.
Дархан аварга Д.Цэрэнтогтох дээр би 12-хон настай хүүхэд очиж байлаа. Костюм өмсчихсөн нэг их сүрхий амьтан ааваараа хүргүүлээд очиж байлаа шүү дээ. Би олон хүнээр юм заалгасан. Гэхдээ миний үндэсний бөхийн суурийг Д.Цэрэнтогтох багш маань заасан. Барилдаанд яаж ухаан гаргах уу гэдгийг Д.Мөнх-Эрдэнэ арслан маань надад заасан. Хоёулхнаа бэлтгэлд гардаг байлаа. Их хөдөлмөрч, мундаг хүн. Яаж энэ хүний дайны бэлтгэл хийнэ дээ гэж бодно. Энэ хүнээс үлгэр дуурайлал авч, их олон жил барилдсан даа.
-Чөлөөтөөр тууштай барилдаж, дэлхийн шилдгүүдтэй хүч үзсэн бол гэх харамсал тээж явдаг гэсэн. Багшлахгүй, Үндэсний бөхөөрөө тууштай барилдсан бол гэх харамсал танд хэр их төрдөг байв?
-1992-1996 он хүртэл “Их шавь” дээд сургуульд сурсан. Тухайн үед гайгүй оюутнууд нь багшаар үлддэг байлаа. Дархан Аварга Ж.Мөнхбат намайг дээд сургуульдаа багшаар үлдээч гэсэн юм. Тэгээд л би гэдэг хүн тасралтгүй өөрийгөө бэлтгэдэг хүн болж, өөрийгөө нэг их том хүн гэж бодож бэлтгэл сургуулалт хийлгэсэн. 1996 оноос 2003 он хүртэл тав зургаан жил өөрийнхөө хэмжээнд барилдаж чадаагүй. Тэгээд 2003 оноос тогтож барилдаж, хоёр удаа цолоо баталсан…
-Зургаан залуу зааны эд өрсөлдөөний үед биш арай өөр цаг үед төрсөн бол илүү амжилт гаргах байж дээ гэж боддог уу?
-Ер нь бөх хүн өрсөлдөгчтэй байж л сайжирна шүү дээ. Тийм учраас нэг их харамсаад байдаггүй ээ. Зургаан залуу зааны хэмжээнд бас барилддаг байсан байх. Цагаан сараар шилдэг найман бөхийн 9-д орж л явлаа.
-Санасандаа хүртэл барилдсан наадмаа дурсаач?
-Анх цол авсан барилдаан маань юм уу даа. Тухайн үед цол авна ч гэж бодоогүй, эхнэртэйгээ хөтлөлцөөд, халуун савтай цайгаа бариад л Төв цэнгэлдэх орсон. Хоёулаа барилдсаар байгаад л цол авсан. Тэр үед санасандаа хүртэл барилдсан юм уу даа.
Ер нь бол бөх болох гэж байгаа хүнд ар гэр, сайн багш, сайн тусалж дэмжих хүмүүс л байх хэрэгтэй. Ар гэр нь дэмждэггүй бол нэмэргүй. Нэг их сайн барилдахгүй. Ойлгоод, яаж хөлсөө гаргаж байгаа гэдгийг нь мэдэрч байх хэрэгтэй. Хүмүүс сошиалд “Энэ хэдэн бөхөд шагнал нь ихэдсэн байна” гээд бичиж байгаа харагддаг юм. Энэ залуучууд чинь аймар их хөлс гаргаж байгаа байхгүй юу.
-Гэр бүлийнхнээс нь хүн ирчихсэн бөх үзээд сууж байгааг мэдчих, харчих юм бол сандардаг уу эсвэл бяр ордог уу?
-Ер нь бол бөх хүн өөрийгөө тусгаарлаж сурах ёстой. Энийг миний багш нар бүгд хэлдэг. Чөлөөт бөхийн дэвжээн дээр ч бай, үндэсний бөхийн танхимд ч бай, гадаа зүлэг дээр барилдаж байсан ч бай тойрч байгаа хүмүүс бол чамд ямар ч хамаа байхгүй. Өөрийгөө тусгаарла, тэгээд гол хүнтэйгээ төвлөрч сайн барилдах ёстой шүү гэдгийг заадаг.
Манай эхнэр нүдний шилээ зүүгээд, шил нь цайвар, нүүр нь бор болчихсон л наадмын талбайгаас хамт гараад явдаг байсан. Надаас илүү оноолт бичдэг. “Одоо тэрэнтэй таарна шүү” гээд л, хажуудаа нэг бэлэн бичээчтэй байлаа. Намайг барилдах гээд явахад шөлтэй голдуу хоол хийж өгнө. Э.Батсуурь хааяа “Аавд хийж өгдөг байсан хоолоо надад хийж өгөөрэй” гэж хэлж байгаа харагддаг юм. Эхнэрийн хийж өгсөн аягахан шөлийг хүүхдүүд их хардаг байсан юм шиг байгаа юм. Аавын аяганаас жаахан юм үлдвэл идчихнэ гэсэн аятай.
-Та залуудаа хэн, хэний барилдааныг сонжиж үздэг байв?
-Д.Цэрэнтогтох багшийгаа их хүндэлдэг байсан. Том биетэй хэр нь хөл авна, давуулж гуядна, мордоно. Ерөөсөө л бүхий л мэхийг хийнэ. Их ч тэвчээртэй. Д.Мөнх-Эрдэнэ арслан маань их зоригтой барилдана. Яг энэ хүн шиг зоригтой барилдах сан гэж хардаг байлаа. Жижиг Сүхбатын барилдаануудыг их харна.
-Одоо бөхийн өргөөний барилдаанд бөхчүүд ямар мэх түлхүү хийж харагдаж байна?

-О.Нарангэрэл: Бөхийн өргөөнд Үндэсний бөхөд хамгийн их хийгдэж байгаа мэх нь хутгаа, хавираа, мордоо л байна дөө.
-Г.Элбэг: Монгол үндэсний бөхийн мэх хаягдаж байгаа нь бөхийн бусад төрлөөс мэх их орж ирж буйтай холбоотой. Мөн бөхчүүд хүчний бэлтгэл их хийдэг болсонтой холбоотой болов уу. Өнөөдөр ганц уран мэх хийж байгаа нь Т.Баасанхүү, Б.Зоригтбаатар хоёр л байна шүү дээ. Э.Батмагнай бол өнгөрсөн жил бүгдийг нь чөлөөт бөхийн давхар хамах гэдэг мэхээр л хаяж байна лээ. Манай И.Доржсамбуу шиг таллаж гүйгээд, хонгоддог хүн байхгүй болчихоод байна шүү дээ. Хаягдаж байгаа мэхнүүд түүх болоод үлдчих вий дээ гэж л О.Нарангэрэл бид хоёр айдаг юм.
Уг нь бид хоёр бэлтгэл болгон дээрээ мэх зааж байгаа. Бид хоёрын баримталдаг зарчим юу гэхээр хүнд өөрт нь таарсан мэхийг заахыг хичээдэг. Жишээ нь намхан бөхөд шуудгаас татах мэхийг заах ямар ч хэрэггүй. Тэр хүн тэр мэхийг хэзээ ч хийхгүй. Ямар бөхтэй барилдаж байхдаа ямар мэх хийх үү гэдгийг заана. Гэхдээ мэхийг 2000-аас дээш давтах хэрэгтэй л дээ. Давтахгүй байгаа нь л алдаа болоод байна.
-Энэ жилийн сар шинийн барилдаанд ямар цолтой бөх түрүүлэх бол?
-Цагаан сарын сүүлийн хэдэн жилийн барилдаанд аймгийн цолтой бөхчүүд их сайн барилдаж байгаа. Ц.Магалжаваас эхлээд цолгүй байхдаа түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүд зөндөө бий. Тэгэхээр цагаан сарын барилдаанд ямар цолтой бөх түрүүлэх вэ гэдгийг хэн ч тааж чадахгүй.
-Таныг багш, дасгалжуулагч хүний хувьд “сонжооч” нүдээр харж, дээгүүр даваанд барилдах бөхчүүдийн нэр хэлэх байх гэж бодоод л…
-Э.Батмагнайг харж байна. Б.Орхонбаярыг ч бас. Манай нутгаас Б.Даваа-Очир гээд сайхан залуу байна.
-Аймгууд гадны бөх барилдуулахгүй гэдэг. Энэ нутгархаг, жалга довсог хандлага үндэсний бөхийг их муухай харагдуулаад байгаа юм биш үү?
-Гадны бөхчүүд барилдуулаагүй аймгийн наадмыг хүчингүй болгоно гэсэн заалт Үндэсний бөхийн холбооны дүрэмд бий.
Аймгуудын наадмыг нэг өдөр зохион байгуулах саналыг хамгийн анх талийгаач Д.Ганхуяг бид хоёр оруулж байсан юм. Даанч дэмжигдээгүй. Аймгуудын наадам нэг өдөр зэрэг болох юм бол бөхчүүд нэг л наадамд барилдана. Аль аймгийн наадамд барилдахаа шийдээд, очиход нь бүртгэхгүй гэж элдэвлэхгүй. Бүх аймгууд онлайнаар бүртгэлээ явуулдаг. Тэр нь олон нийтэд ч нээлттэй харагддаг байвал зүгээр. Тэгж байж л энэ их мөнгөний найраа шахагдана. Энийг зохицуулах газар нь Үндэсний баяр наадам зохион байгуулах комисс.


-Сүүлийн үед мөнгөтэй хүн л цол авч байна. Цолны найраа гэж нэг айхавтар юм байна. Үүн дээр дасгалжуулагч, багш хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Энэ чинь одоо нууцгүй болчихсон үнэн шүү дээ. Монголыг бөхийг устгаж буй зүйл чинь допинг, мөнгөний найраа байхгүй юу. Би чинь Монгол бөхийг авч үлдэхийн төлөө зүтгэж байгаа хүн. Тийм учраас үүний эсрэг л байдаг.
Намайг эд барилддаг байх үед мөнгөний найраа гэж зүйл байсангүй. Хүмүүс дэмжье гэсэн хүмүүсээ л дэмждэг байсан. Улсын наадмын гурвын даваанд Ц.Дуламсүрэн начин, хаа холын Архангайн Хотонтын хүн “Ахынх нь морь сайхан давхижээ. Миний дүү сайхан барилдаад цол аваарай” гэж хэлээд үнэсчихээд яваад өгсөн. Би тэр хүнтэй бараг үг сольж үзээгүй. Намайг дэмжиж, намайг аваад, даваагаа өгчихөөд яваад өгсөн. Би гайхаад л хоцорсон. Энэ бол сайхан уламжлал. Нутгийн бөхөө дэмжих нь зөв. Би бас нутгийн бөхөө дэмждэг. Жишээлбэл, Б.Даваа-Очирыг цолонд хүргэх гэж гурвын даваанд, дөрвийн даваанд таарч л байсан. Дэмждэг байх ёстой. Гэхдээ мөнгөөр даваагаа өгөх биш, мөнгөөр цол авч өгөх биш.
-Бөхчүүдээс допинг их илэрч байна. Мэдэхгүйдээ хэрэглээд байна уу, мэдээд хэрэглээд байна уу. Цаашид энэ асуудлыг хэрхэх вэ?
-Бөхчүүдийн яриаг сонсож байхад “Тэр допинг хийцэн юм шиг байна лээ” гэх. Допинг хийцэн хүн гэдэг чинь судсандаа гр юм шахцан л хүн байгаа шүү дээ. Чи тэрийг хаяна шүү дээ. Сэтгэл зүйгээрээ л хүн дийлэхгүй байна л даа.
Хүн өвчинтэй, зовлонтой байж болно. Гэхдээ ууж байгаа эмнүүд дотор тэр хориотой бодис байх вий гэж анзаарч байх хэрэгтэй. Ер нь бол допинг хүнд асуудал. Би үүнээс хол байхыг хичээдэг. Шавь нартаа ч захидаг. “Ийм мэтийн юмнаас холхон байж үзээрэй, хүүхдүүд минь. Эрүүл байх л хэрэгтэй шүү” гэж хэлдэг. Ялангуяа цол аваад гайгүй барилдчих залуустаа ч захидаг. “Өвдөж, зовоод эм тан уухдаа дотор нь байгаа юмыг мэдэж байгаарай” гэдэг. Ер нь бол допингийн шинжилгээг ил тод байлгамаар байгаа юм. Тэгж байж л энэ мөх сайхан болно.






