
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” байгуулах шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд батлагдсан журам хэрэгжиж эхлэн виртуал бүсэд аж ахуйн нэгжүүдийг албан ёсоор цахимаар бүртгэж эхэллээ.
Виртуал бүс хэрэгжиж эхэлснээр олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулж, уул уурхайгаас хараат бус, оюуны өмчид суурилсан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх, технологийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч нь дараах шаардлагыг хангасан тохиолдолд виртуал бүсэд бүртгүүлнэ. Үүнд:
- Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлдэг байх бөгөөд гадаадын бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, лиценз худалдах, борлуулах, түгээх, хөрвүүлэн ашиглах зэрэг үйл ажиллагаа хамаарахгүй.
Виртуал бүсэд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд дараах татварын болон татварын бус дэмжлэгийг авах боломжтой. Үүнд:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх;
- Нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлсэн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт олгох;
- Патентжуулах зардалд грант олгох;
- Олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;
- Хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40 хүртэлх хувьд грант олгох;
- Патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
- Гарааны компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьд дэмжлэг үзүүлэх;
- Зээлийн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;
- Эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох.
Виртуал бүсэд бүртгүүлэхдээ дараах материалыг цахимаар бүрдүүлнэ.
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл;
- Ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт; /Сүүлийн 12 сар/
- Хуулийн этгээдийн эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлан /Хамгийн сүүлийн баталгаажсан тайлан/;
- Бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл
Холбогдох утас: 7299-2030, 11-327123
Ажлын хэсгийн үүргийг гүйцэтгэгч: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк






