
Өнгөрсөн 7 хоногт БНСУ-ын Өмнөд Жолла мужийн Жиндо суурины тэргүүн Ким Хи Су орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр хүн амын хямралтай тэмцэж, төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд Вьетнам эсвэл Шри Ланкаас “залуу бүсгүйчүүдийг импортолж орон нутгийн эрчүүдтэй суулгах” санал гаргасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн билээ. Тэгвэл уг хэрэг явдалтай холбоотойгоор Өмнөд Жолла мужийн удирдлагууд уучлалт хүссэн мэдэгдэл гаргажээ.
Өмнөд Жолла мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ,
“БНСУ дахь Вьетнам улсын элчин сайдын яам, Вьетнамын засгийн газар болон ард иргэд, эмэгтэйчүүдээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Жиндо суурины тэргүүн асуулт хариултын хэсэг дээр “импортлох” гэсэн үг ашигласан нь хүний нэр төрийг гутаан доромжилсон, эмэгтэйчүүдийг эд зүйл мэтээр үзсэн үг байсан гэдгийг бид ойлгож, гүнээ харамсаж байна.
Үүнийг зөвтгөх арга байхгүй. Вьетнамаас гаралтай олон хүмүүс манай Өмнөд Жолла мужид суурьшин амьдарч, хэдийн орон нутгийн үнэт гишүүд болсон. Тийм ч учраас Вьетнам улс нь манай мужийн хувьд онцгой чухал байр суурийг эзэлдэг билээ. Болсон явдлыг нийгэмд хүний эрх, жендерийн мэдрэмжтэй байдал, соёл хоорондын ойлголцлын тухай соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд ашиглана.
Төрийн бүх албан тушаалтнуудад олон нийтийн өмнө хэлж буй үг, хийж буй үйлдлээ хянаж, хариуцлагатай байхыг сургана. Дотоодын хатуу хяналт шалгалтыг явуулж, дахин ийм явдал давтагдахгүй байх арга хэмжээг авна.
Солонгос хүнтэй суусан цагаач эмэгтэйчүүд болон цагаачдад бусдын адил хүндэтгэлтэй хандах, цагаачдын тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг орон нутгийн удирдлагууд хангаж өгөх ёстой гэдэгт бид итгэдэг.” хэмээн онцолжээ.
Болсон явдалтай холбогдуулан БНСУ дахь Вьетнам улсын элчин сайдын яам Өмнөд Жолла мужийн захирагчид Жиндо суурины тэргүүний хэлсэн үг Вьетнам эмэгтэйчүүдийн нэр төрийг гутаасан нь хоёр орны нөхөрсөг найрсаг харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг онцлон, дахин ийм зүйл давтагдахаас сэргийлж, хариуцлагатай арга хэмжээ авахыг хүссэн захидал илгээжээ.






