
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сан, стратегийн ордуудын өгөөжийн асуудал дахин анхаарлын төвд орлоо.
Албан тоо баримтаар бол 2025 оны байдлаар Үндэсний баялгийн санд 6.7 их наяд төгрөг төвлөрч, 2026 оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэх хүлээлттэй байна.
Гэхдээ энд нэг чухал асуулт урган гарч ирж байна. Энэ их хөрөнгө ард иргэдийн амьдралд хэзээ, хэрхэн мэдрэгдэх вэ?
Хуримтлал зөв, гэхдээ цаг хугацаа зөв үү?
Хуульд зааснаар Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг 2030 он хүртэл зарцуулахгүй. Онолын хувьд энэ нь ирээдүйд зориулсан хариуцлагатай бодлого мэт харагдана. Гэвч бодит байдал дээр эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилт зэрэг салбарууд өнөөдөр л нэн шаардлагатай шийдлийг хүлээж байна.
Тиймээс “хуримтлуулах” бодлого нийгмийн яаралтай хэрэгцээтэй хэр нийцэж байна вэ гэдэг асуулт бодлогын түвшинд зайлшгүй тавигдаж байна.
Стратегийн орд нэрийн цаана дээрэм, ял оноох тактик хэрэгжиж эхлэв үү!!!
Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь эзэмших асуудал Монголд олон жил маргаан дагуулсан сэдэв. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын онцолсноор гол асуудал нь төр хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэгт бус, аль хувилбар нь ард түмэнд урт хугацаанд илүү өгөөжтэй вэ гэдгийг бодитоор шийдэхэд оршиж байна.
Ялангуяа төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордуудад төр хуулийн хүрээнд хувь эзэмших нь логик, шударга зарчим. Эндээс олсон өгөөж нь цөөн компанид бус, Үндэсний баялгийн сангаар дамжин нийт иргэдэд хүртэх ёстой гэсэн байр суурь тодорхой харагдаж байна.
Бизнесийн орчин: Итгэл төрүүлэхүйц байх ёстой
Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай, Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байгаа нь эдийн засгийн бодлогоо идэвхжүүлэх, хувийн хэвшилтэй илүү түншлэх оролдлого гэж харж болно.
Гэвч бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн чухал нь хууль олон биш, харин ойлгомжтой, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчин л чухал.
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн илэрхийлсэн байр суурь ч үүнтэй давхцаж байна.
Хуримтлал, зарцуулалтын уялдаа тодорхой, стратегийн ордуудад төр, хувийн хэвшлийн түншлэл ойлгомжтой байж эдийн засагт бодит итгэл бий болно. Үүнийг дагаад Үндэсний баялгийн сангийн хөрөнгө ч ард түмэнд хүртээлтэй болно.
Бид хардах эрхтэй. Магадгүй энэ үеийг төрийн эрх баригчид Үндэсний баялгийн санг мөнгөжүүлэх гэж стратегийн ордуудаа нөхцөл тулгаж, булааж, ял оноож аваад, баялгийн санд баахан мөнгө төвлөрүүлчихээд түүнийгээ хувааж хүртэх гэсэн дахин нэг хонгилын эзэд байх вий!!!
Үндэсний баялгийн сан бол зүгээр нэг тоо биш. Энэ бол төр иргэддээ өгч буй амлалт юм. Хэрэв уг сангийн бодлого хуримтлалын нэрийн дор иргэдийн өнөөгийн хэрэгцээнээс тасарвал итгэл алдарна.
Харин ил тод, жишиг тогтоосон, ард түмэнд өгөөж нь бодитоор мэдрэгддэг тогтолцоо болж чадвал Үндэсний баялгийн сан Монголын эдийн засгийн ирээдүйн жинхэнэ тулгуур болох учиртайсан…






