
2026 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Боловсролын салбарт ажилладаг багш, ажилчдын цалинг нэмэгдүүлж 2026 оны эцэс гэхэд 50 хүртэлх хувиар нэмэхээр болсон билээ. Тэгвэл багш нарын цалингийн нэмэгдлийн асуудлаар нэгэн иргэн дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Иргэний үг: За хэлэхгүй бол тэсэхгүй нь ээ. Нийгмийн сүлжээнд багш нарын цалингийн асуудал нэлээд маргаан дагуулаад байх шиг. Манай гэр бүлийн хүн багш л даа. Үндсэн цалинг нь 50 хувиар нэмсэн нь үнэн. Яахав анхны хүлээлтэд хүрээгүй ч гэсэн 500 мянгаар нэмэгдсэн байна билээ. Энэ бол тийм ч бага мөнгө биш. Манай гэр бүл сард 900 мянган төгрөг ипотекийн зээлэнд төлдөг. Энэ төлбөрийн 55 хувийг нь шийдчихэж байгаа юм. Нуруун дээрээс овоо ачаа хөнгөрлөө гэсэн үг. Ирэх 11-р сард үндсэн цалинг нь дахиад нэмж, 2.8 саяд хүргэх юм билээ. Тэгэхээр нөгөө ипотекийн зээлийн төлбөрөөс үлдэх 400к-г төлөөд цаана нь дахиад 200-гаад мянган төгрөг илүү гарах нь.
Хоёрдугаарт, багш нар арваад төрлийн нэмэгдэл авдаг. Эдгээрээс ур чадварын нэмэгдэл болон хоол, унааны мөнгө хасагдсан байна билээ. Ур чадварыг нь бол яг ч хасчихаагүй юм шиг байгаа юм. Багш нар болон шавь нар нь олимпиадад амжилт гаргавал олгох юм байна гэж ойлгосон. Ийм шалгуургүйгээр олгодог байхад нийт багш нарын 23 хувь нь л энэ нэмэгдлийг авдаг байсан гэдгийг өчигдөр Боловсролын дэд сайд тв-ээр ярьж байхыг сонслоо. Энэ 23 хувь нь бас бүгдээрээ багш нар биш. Сургалтын менежер, нярав, нягтлан гээд захиргааны ажилтнууд голдуу авчихдаг. Шулуухан хэлэхэд захиралд хэн таалагдана, тэр хүн л ур чадварын нэмэгдэл авдаг, мөрөөрөө ажлаа хийж байгаа багш нар эсвэл шударга бус байдлыг тэвчдэггүй хэл ам хийдэг нөхдүүд бол ур чадварын нэмэгдэл гээчийг нь горьдолтгүй юм билээ. Манай нөхөр 18 жил ардын хүүхдүүдэд багшилж байна, ур чадварын хувьд хэнд ч гологдохгүй гэж би боддог. Миний хувьд хань маань хамгийн сайн багш. Ажилдаа маш их хайртай. Гэтэл ур чадварын нэмэгдэл гэж 10 хувь өгч байгаад больчихсон. Тэгэхээр захирал өөрийнхөө үзэмжээр ур чадварын нэмэгдэл гэж хэдхэн хүнд өгч байснаас нийт багш, ажилчдын цалинг жигд нэмсэн нь дээр гэдэг дээр нөхөр бид хоёр санал нийлж байгаа. Хоол, унааны мөнгө гэж сард 200к арай хүрэхгүй мөнгө өгдөг байсан нь энэ сард байхгүй болсон байна билээ. Төсвийн захиран зарцуулагч буюу захирлууд өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдэж болох юм байна гэж ойлгосон. Магадгүй дараа сараас өгөх байх гэж найдаж байгаа.
Гуравдугаарт, та нарын муу хэлээд байгаа энэ Наранбаяр гэх сайдын үед бол багш нарын цалин хамгийн их нэмэгдэж байна шүү дээ. Өмнө нь багш нарын цалинг жилд 8-10 хувиар л нэмдэг байсан. Коронагийн хоёр жилд өнжөөд 2023 онд нэг удаа 30 хувиар нэмж байсныг санаж байна. Өмнөх хоёр жилийнхээ нэмэгдлийг бөөндсөн хэрэг. Гэтэл энэ жил багш нарын үндсэн цалин 1,480,000-аас 2,800,000 хүртэл өсөх нь байна. Багадаа 1.3 сая төгрөгийн цэвэр өсөлт. Үндсэн цалингаас бодогдох анги даалт, кабинет, бие даалт гэсэн 3 төрлийн нэмэгдлийн дүн ч бас өсөж байгаа. Бид үнэн юмыг үнэнээр нь хүлээн зөвшөөрөх ёстой. Боловсролын яам багш нарын үндсэн цалинг амьдралын баталгааг хангах хэмжээнд хүргэх бодлого барьж байгаа гэж байсан. Нэмэгдлүүд бол багш нарын ажилласан жил, туршлага гээд олон хүчин зүйлээс шалтгаалж, өөр өөр байдаг. Тийм ч байх ёстой биз. Тэгэхээр баталгаатай авдаг үндсэн цалинг өсгөх нь хамгийн чухал гэдгийг 5-р ангийн хүүхэд ч ойлгоно доо, уг нь. Би одоогийн сайдыг танихгүй, нэг ч удаа нүүр тулан уулзаж байгаагүй, ядаж таарч ч үзээгүй. Гэхдээ энэ хүний бодлогыг зөв гэж харж байгаа жирийн нэгэн багшийн ар гэр байна аа. Хэлэх зүйл, бичих юм их байгаа ч ингээд өндөрлөе дөө.






