
МАН-ынхан намын дарга, УИХ-ын даргаа сольж, Ерөнхий сайдаа “унагах” гээд өчнөөн сар “зодолдсон”. Ил өрнөсөн энэ зодоонд Н.Учрал, Г.Занданшатар, товчхондоо бол Ерөнхийлөгчийн тал “ялсан”. МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл ч тэр Ерөнхийлөгчийн хүмүүсээр дүүрсэн гэхэд болно. Улс төрчдийн энэ зодоон дээр нэр дурдагдсан хүмүүсээс гадна өөр нэгэн хүнд “хожил” болжээ.
Тодруулбал, МАН-ын нэгэн гишүүн, сайд өөрийнхөө дүүд “Эрдэнэт үйлдвэр”-ээс овоолго “авч өгсөн” гэх. Учир нь тэрбээр, МАН-ын Бага хуралд “хөл ихтэй”. Намынхаа Их хурал, Бага хуралд өөрийнхөө хөл буюу хүмүүсийн саналыг “зарж”, шанд нь дүүдээ “Эрдэнэт үйлдвэр”-ээс овоолго авч өгөв үү гэх хардлага. Түүний дүү Сангийн яамны Орлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан, Э.Батбаяр гэдэг.
Ерөөс МАН-ынхан хөшигний наана зодолдож буй дүр үзүүлээд, хөшигний цаана “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгоос дараагийн удаад хэн нь түрүүлж “хоол хүртэх”-ээ үзэн зодолдож байсан ч юм шиг.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд хаягдал 12 овоолготой. Тэрхүү овоолгуудыг үүсмэл орд гэх ба үүсмэл гурван ордыг нь “Эрдмин”, “Ачит ихт”, “Зэс эрдэнийн хувь” компани эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг. Ихээхэн ашиг орлоготой ажилладаг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолго бол улс төрчдийн очиж “мөнгөждөг” газар гэдэг нь ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт 2025 оны наймдугаар сард хийсэн мэдээллээс харагдана.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Овоолгын хулгай байсаар байна” гэдгийг онцлоод:
- “Ачит ихт” компанийн тухайд 2014-2024 оны хооронд нийт 100 мянган тонн катодын зэс үйлдвэрлэн 1.7 их наяд төгрөг буюу 660 орчим сая ам.долларын борлуулалт хийсэн байна. Тэгсэн хэр нь овоолго ашигласны төлбөрт 30 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-т төлсөн. АМНАТ 5 хувь байсныг 2.5 хувь болгосон. Одоогоор овоолгыг үнэгүй ашиглаж байна.
- “Эрдмин” компанийн 25 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшдэг. 2024 оны жилийн эцсийн дүнгээр 639 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, “Эрдэнэт үйлдвэр”-т 67 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Улсын төсөвт нийт 170 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тус компани дахь төрийн өмчийн 25 хувийг нэмэгдүүлж 34 хувь болговол монголын ард түмний хүртэл хувь улам нэмэгдэх боломж байна.
- “Зэс эрдэнийн хувь” компани нь туршилтын үйлдвэрлэл явуулж байгаа нэрээр АМНАТ төлдөггүй, холбогдох бусад татвар, хураамжийг төлдөггүй асуудал байгаа” хэмээн ярьсан юм.
Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Батзандан ч мөн “Дарга нар албан тушаал хашиж байхдаа компани байгуулан давуу эрхээрээ стратегийн ордуудыг эзэмшиж болохгүй. Стратегийн ордуудыг дээрэмдэж авсан нөхөд маань ард түмэндээ хуулийн дагуу ногдол ашиг өг” хэмээн уурссан удаатай.
Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолго дээр очин эзэн сууж, “баяжих” дараагийн хүнээр гишүүн, сайд ахтай Э. Батбаяр гэгч тодорчээ.






