
Шинэ он, шинэ сар, шинэ өдрийн мэнд хүргэе. Та яг одоо юу хийж байна вэ? Цахим хуудастаа “ууланд алхлаа, ажиллаж буй фитнес байна уу” гэх мэтчилэн мааз нийтлэл бичиж гэр бүлийнхээ халуун дотно уур амьсгалд байна уу?
Зүгээр ээ. Та бүтэн жил сайн байсан юм чинь ганц өдөр амарчих. Мөнгөтэй төгрөгтэй, амжилттай гэхээс илүү 2026 ондоо гол нь эрүүл байгаарай. Заавал та сайн байх, гоё байх албагүй шүү.
2026 оны нэгдүгээр сарын нэгний өглөө.
Он солигдсон энэ өглөө бид “Хөрөг” нэвтрүүлгийнхээ зочноор Богд уулын өвөрт алхаж яваа нэгэн онцгой эрхэмтэй уулзлаа.
Хуучин он улиран одож, шинэ он айлчлах мөчид хүний хамгийн чухал баялаг бол эрүүл мэнд гэдгийг сануулах шиг энэ уулзалт байв.
Манай зочин бол хүний их эмч мэргэжилтэй, дотрын эмчээр 35 жил ажилласан Чулууны Өлзийжаргал. Тэрбээр ууланд алхах сонирхлоо оюутан ахуй цагаасаа эхэлсэн бөгөөд хэсэг хугацаанд завсарласны дараа сүүлийн жилүүдэд дахин идэвхтэй алхаж эхэлжээ.

Тэр 2025 онд хагас сайн, бүтэн сайнд тогтмол алхаж, сүүлийн хоёр сар “хоёр өдөр алхаж, нэг өдөр амрах” хэмнэлээр явсан байна. Ингэж бэлтгэл хийснийхээ үр дүнд 2025 оны 11 дүгээр сарын 30-нд Асралт хайрханд өвлийн авиралт хийж, 2800 метрийн өндөрт оргилд хүрчээ. Өвлийн, цастай уулын авиралт нь түүнд адал явдалтай, мартагдашгүй дурсамж үлдээсэн байна.
“Замын дунд шантрах үе байсан. Амьсгаа давчдаж, чадна даа гэж эргэлзсэн ч оргил дээр гарахад багийнхан маань баяр хүргэж, тэвэрч угтахад ‘би чадлаа’ гэсэн мэдрэмж төрсөн” хэмээн тэр дурссан юм. Энэ мэдрэмж нь зөвхөн нэг оргилд хүрсэн баяр бус, өөрийгөө давсан, зорьсондоо хүрсэн бахархал байжээ.


Ч.Өлзийжаргал эмч “Ууланд алхах нь зөвхөн биеийн хөдөлгөөн бус, сэтгэлийн амралт юм билээ” хэмээн ярина. Тэрбээр хүмүүс шинэ он гарахаар “ууланд гарна, фитнест явна” гэж бодоод өнгөрөхөөс илүүтэй бодсон зүйлээ шууд үйлдэл болгох хэрэгтэйг онцолж байв. “Бодлоороо л яваад байвал хүн их ядардаг. Харин шийдсэн бол хувцсаа бэлдээд, өглөө нь босоод л гар” гэж тэр зөвлөв.
Залуучууд ууланд алхах нь олширч буйд тэр баяртай байдаг. Байгалиа танин мэдэх, эх орныхоо уул усанд алхах нь залуу үед эх оронч сэтгэл, тэсвэр хатуужлыг төлөвшүүлдэг гэж үздэгээ ч хуваалцлаа.


35 жилийн турш эмчээр ажиллахдаа тэр олон баяраар жижүүрт гарч, шинэ жилийг ч эмнэлэг дээр угтаж байжээ. Түүний тооцоолсноор 16 орчим удаа шинэ жилийн баярыг гэртээ бус, ажил дээрээ өнгөрөөсөн байна. Гэсэн ч тэр мэргэжлээ хэзээ ч харамсалгүйгээр сонгосон гэдгээ хэлсэн юм.
“Эрүүл мэнд бол хамгийн чухал. Хүн ямар ч амжилт, хөрөнгө мөнгөтэй байлаа гээд эрүүл мэндээ алдвал утгагүй” хэмээв. Тиймээс хөдөлгөөнтэй байх, зөв хооллох, хорт зуршлаас хол байх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг шинэ оны зөвлөгөө болгон өгч байна.


2026 онд тэр эх орныхоо уулсаар илүү олон алхаж, их сургуулийн хоёр найзын хамт 1-3 оргилд гарах зорилго тавьжээ. Өөрийгөө мэргэжлийн өндөр уулын уулчин гэж үздэггүй учраас туршлагатай баг, дасгалжуулагчдыг дагаж, эрсдлээ тооцоолон алхахаар төлөвлөж байгаа аж.
Шинэ оны өглөөг ууланд алхаж угтсан Ч.Өлзийжаргал эмчийн түүх бидэнд нэг зүйлийг сануулж байна. Нас, ажил, амьдралын үе шатнаас үл хамааран хүн мөрөөдлөө хадгалж, биеэ хөдөлгөж, эрүүл мэнддээ анхаарч чадвал амьдрал үргэлж урагшилсаар байдаг гэдгийг санууллаа.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ: Д.ГЭЛЭГЖАМЦ, Н.МӨНХ-ЭРДЭНЭ
НАЙРУУЛАГЧ, ЭВЛҮҮЛЭГЧ: А.БАТБАЯР






