
Өнгөрсөн оны зургаадугаар сард олныг сэрдхийлгэж, нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэрэг гарснаас хойш нэг жил, зургаан сар өнгөрчээ.
Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа энэ хугацаанд хэргийн үнэн мөнийг олж тогтоолгохын төлөө хууль шүүхийн байгууллагад удаа дараа хандаж, гурван ч удаагийн хаалттай хэлэлцүүлэгт оролцож, эцэстээ цахим хаягаараа хүртэл олон нийтийн дэмжлэгийг хүсэж байсан нь саяхан.
Тэрбээр гэм буруутай хүмүүст ял завшуулахгүй байж, хууль дээдлэх зарчмыг ягштал мөрдөж, хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэсэндээ энэ удаа УИХ-ын даргад ханджээ.

Хохирогч охины ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго нарын хүсэлтийн дагуу өнөөдөр УИХ-ын дарга Н.Учрал, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид болон албаны хүмүүсийн хамт тэднийг хүлээн авч уулзлаа.
Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа тул хэрэгт холбогдох мэдээллийг задруулахгүй байх үүднээс хохирогчийн ээж, түүний өмгөөлөгч нар УИХ-ын даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, гэмт этгээдүүд хуулийн хариуцлага хүлээж, хэрэг үнэн зөвшөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилж байв.


Талийгаачийн ээжийн хувьд, хэргийн оролцогч байж болзошгүй нэр бүхий хүмүүсийг хохирогчоор тогтоож, ёс зүйн болон хариуцлагын зөрчил гаргасан прокуроруудаас татгалзах хүсэлт гаргасан ч түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Түүнчлэн УЕПГ-т гаргасан түүний гомдлын дагуу уг хэрэгт хяналт тавьсан прокуроруудыг Ёс зүйн зөвлөлийн өнөөдрийн хурлаараа хэлэлцэхээр товложээ.
Талийгаачийн ээж Г.Отгонтуяа боловсролын салбарт ажилладаг, арга зүйч мэргэжилтэй. Тэрбээр, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан ирээдүй хойч үеийнхэнд энэрэн нигүүлсэхүйн боловсрол, хүний эрхийн мэдлэгийг системтэйгээр олгоход анхаарч өгөхийг УИХ-ын даргаас хүслээ.


УИХ-ын дарга хэлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх процесс аль ч шатандаа хүний эрхийн зөрчилгүйгээр, хэн нэгний эрх зүйн байдлыг дордуулалгүй, гагцхүү хууль дээдлэх зарчимд нийцэх ёстойг тэмдэглэлээ. Цаашид хэний ч гэр бүлд ийм том гарз тохиохгүй байхын тулд холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллахаа УИХ-ын даргын хувьд илэрхийллээ.
Мөн УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ өөрийн санаачлан батлуулж байсан Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн хэрэгжилтийг бүх шатанд анхаарах ёстойг чухалчлаад, гэрч хохирогчийг хамгаалахаас эхлээд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа онцоллоо.






