
Шинэ оныг угтаж өнгөрсөн оныг үдэхдээ Монгол Улс болон дэлхий дахинд болж өнгөрсөн урлаг, соёлын онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
“Silk Way Star” шоунд Монгол Улсаа төлөөлж оролцсон И.Мишээл тэргүүн байрын эзэн боллоо

Казахстаны нийслэл Астанад зохиогдсон “Silk Way Star” шоуны анхны улирлын Гран при шагналыг дуучин Ч.Мишээл хүртсэн билээ. Тус шоу нь Азийн анхны олон улсын дууны тэмцээн болсон ба Азербайжан, Армени, Гүрж, Малайз, Казахстан, Хятад, Киргизстан, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг нийт 12 улсын дуучид оролцсон.


Дуучин И.Мишээлийн хувьд эхний шатанд “Бундан улаан” дууг дуулж, өндөр үнэлгээ авч чадсан бол хоёрдугаар шатанд Казахстаны алдарт дуучин Аяугийн “Сыбырлайн” хэмээх хит дууг амилуулж, дараагийн шатанд шалгарсан байдаг.
Харин дөрөвдүгээр шатанд Хятад дуу дуулж 120 оноо, тавдугаар шатанд нийлбэр дүнгээр Казахстаны оролцогчийн хамт тэргүүлэгчдийн тоонд багтсан бол зургаадугаар шатанд “Blackpink”-ийн Lisa, Doja Cat, Raye нарын хамтарсан “Born Again” дууг амьд хэлбэрээр дуулж, 690 оноогоор гуравдугаарт бичигдсэн юм.
Долдугаар шатны үеэр Казакын сонгодог бүтээл дуулахдаа Монголын уртын дууны аялгууг хослуулан, үзэгчдэд сэтгэл хөдөлгөм уран бүтээлийг хүргэсэн нь шүүгчдийн талархлыг хүлээж, хамгийн өндөр оноог авч чадсан бол финалын шатанд өөрийн зохиосон Монгол хэмээх дуугаа амилуулж, 85 оноогоор тэргүүн байр эзэлсэн юм.

Дуучин Г.Маргад буюу Magnet Brain Берлиний хөгжмийн видео шалгаруулах ёслолоос шагнал хүртлээ
Magnet Brain нэрээрээ хэдийнэ олонд танигдсан уран бүтээлч болох Г.Маргад Berlin music video awards BMVA буюу Берлиний хөгжмийн видео шалгаруулах ёслолд амжилттай оролцож хоёр шагнал хүртлээ.
Энэ оны зургаадугаар сарын 14-нд тус арга хэмжээний 13 дахь удаагийн шагнал гардуулах ёслол болсон. Үүнд 10 уран бүтээлч өрсөлдсөнөөс Монголын залуу уран бүтээлч болох Magnet Brain “Soul Mantra” дуугаараа Best Song, “Obscure Agency”-аас “Шинээр төрөн гарч буй шилдэг уран бүтээлч” шагналыг тус тус хүртжээ.
Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр энэ уран бүтээлээ сонирхуулан үзэгчдээс ихээхэн сайшаал хүртсэн байна. Magnet Brain уг арга хэмжээний үеэр өгсөн ярилцлагадаа “Би зөвхөн уран бүтээлч биш, харин дэлхийд нөлөөлж чадах хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь миний карьерын эргэлтийн цэг болсон. Зүрхээрээ, шударга байдал, үгээр тайлбарлахад хэцүү нэгэн төрлийн сүнслэг зүйл бүтээлд орших ёстой” хэмээжээ.
Түүний Soul Mantra дууны клипийн найруулагчаар Adrian Villagomez ажилласан бөгөөд “Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны дуу гэдгээр нь үзэгч, сонсогч та бүхэн илүү мэдэх биз ээ.


“Moon dance” хамтлагийнхан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медальтай эх орондоо ирэв

Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан 2025 оны дэлхийн аварга шалгаруулах формейшны стандарт бүжгийн тэмцээн ХБНГУ-ын Брауншвейг болж өндөрлөсөн.
Тус тэмцээнд анх удаа оролцсон “Moon dance” хамтлаг формейшн стандартын төрлийн Монгол Улсын анхны медаль буюу хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Энэ нь Ази тивээс стандарт бүжгийн төрөлд медаль хүртэж байгаа анхны тохиолдол юм. Тэдний хувьд стандарт формейшн бүжгийн төрөлд хийл хөгжмийн үүслээс сэдэвлэсэн “Сэтгэлийн утас” хэмээх цоо шинэ бүтээлээ хүргэсэн билээ.


Найман орны 13 баг өрсөлдсөн энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай улсаас “Moon dance”, “Star” хамтлаг эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд хоёулаа хагас шигшээ буюу шилдэг зургаад шалгарсан байна. Хагас шигшээг Монгол болон Германаас тус бүр хоёр, Австри, Украйнаас тус бүр нэг баг шалгарч үлджээ. Улмаар О.Саранхүү, О.Оюунбат нарын удирдлагад ДАШТ-д оролцсон “Moon dance” хамтлагийнхан “Чингис хаан” бүтээлээрээ хүрэл медалиар энгэрээ мялаав. Энэхүү үзүүлбэрийн хөгжмийн найруулга болон бүжиг дэглэлтийг Тон Гретен хийсэн байна.




Дэлхийн аварга шалгаруулах латин формейшн төрлийн тэмцээнд Монголын “Star” хамтлаг монголчуудын өөрсдийн дэглэн найруулсан бүжгээрээ дөрөвдүгээр байрт шалгарчээ

2025 оны “Latin Formation” бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австри Улсад энэ сарын 13-нд боллоо.
Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монголын “Star” хамтлаг монголчуудын өөрсдийн дэглэн найруулсан бүжгээрээ 4 дүгээр байрт шалгарч, финалын цом авсан нь Герман, Австри, Голланд зэрэг бүжгийн томоохон орны дэглээчдийн дараа эрэмбэлж, монгол хүний оюуны бүтээлийн дэлхийн үнэлгээ болов.
“Agape-When Love Dances” нэртэй уг бүжгийг Д.Батсайхан, Н.Онондарь нар дэглэжээ. Тус бүжгийг “Star” хамтлагийн 16 тамирчин мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.
Сүүлийн жилүүдэд “Star” хамтлагийн бүжигчид эх орноо дэлхийн хэмжээнд сурталчилж, монгол хүний уран сэтгэлгээ, бүжгийн ур чадварыг олон улсад таниулсаар байна. Өнгөрсөн жил “Монголын хийморь” нэртэй бүжгээр дөрөвдүгээр байрт шалгарч, Дэлхийн бүжгийн спортын холбооны /WDSF/ YouTube сувгаар үзэлтээрээ тэргүүлсэн нь Монголын өв соёлыг дэлхийд сурталчилсан томоохон амжилт болсон юм.
Энэ онд “Star” хамтлаг 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 дүгээр байр эзэлсэн ХБНГУ-ын “C” зэрэглэлийн хамтлагтай “DJ and Dance Journey” бүжгээр гэрээ байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлжээ.


NBC-н сонгодог бүтээл болох “The Tonight Show”-г Монголд албан ёсны эрхтэйгээр “Central TV” цацаж эхэллээ

“The Tonight Show Starring Jimmy Fallon” албан ёсны эрхийг Азиас анх удаа “Central TV” авсан байна. Тус шоуг NBC телевиз 71 жилийн турш нийт 6 хөтлөгчөөр дамжин дэлхий дахинд хүргэж буй. Ийнхүү тус нэвтрүүлгийн Монгол хувилбар болох “The Tonight Show Starring Ankhbayar”-г Central TV цацаж Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд гаргасан сонирхолтой зочдыг эхний дугаарууддаа урьж оролцуулан Монголын телевизийн салбарт цоо шинэ өнгө төрхийг оруулж ирлээ.


“Death stranding 2” тоглоомд Magnolian хамтлагийн дуу эгшиглэлээ

“Death stranding” нь “Kojima Production”-аас 2019 онд гаргасан анхны тоглоом бөгөөд өнөөдрийг хүртэл нийт таван сая хувь борлогдож, 20 сая гаруй тоглогч тоглосон төдийгүй зөвхөн PC хувилбараасаа 27 сая ам.долларын орлого олжээ. Уг тоглоом нь гарсан жилдээ видео тоглоомын “Оскар” гэгддэг “The Game Awards”-ийн “Best Game Direction” /2019/ төрөлд ялалт байгуулж, дараа жил нь хөгжүүлэгчдийн дунд хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох “D.I.C.E. Awards”-аас дуу хөгжим болон эффэктээрээ хоёр төрөлд ялсан юм.
Продакшны хувьд эдгээр ололт амжилт нь тоглоомын дараагийн түүхийг үргэлжлүүлэхэд том дэмжлэг болсон ба “Death Stranding 2” 2025.06.26-нд нээлтээ хийж байв.
Magnolian хамтлагийн хувьд Осокагийн кино фестивалиас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртэж байсан “Худалдагч охин” УСК-нд хэд хэдэн дуугаа багтаасан байдаг. Үүний дараагаар Хидэо Кожима өөрийн сошиал хаягууддаа киноны тухай болон Magnolian-ын дуунуудыг идэвхтэй нийтэлснээр холбоо тогтож, хамтран ажиллах боломж тохиожээ. Magnolian бол Монголын инди фолк дуучин, ая зохиогч юм.


Монголын Буриадын төв холбоо “Эргэлдэн наадъя” дууг эрэмдэглэсэн реппер 113-ийг уучлалт гуйхыг шаардан мэдэгдэл хүргүүлж байв

“Эргэлдэн наадъя” дууг эрэмдэглэсэн реппер 113-ийг уучлалт гуйхыг шаардан мэдэгдэл хүргүүлсэн байна.
Тус мэдэгдэлд:
“Иргэн Э.Очирваань /реппэр113/-д хүргүүлэх нь:
“Монголын Буриадын Төв Холбоо” НҮТББ нь Буриад үндэстний түүх соёл, ширгэшгүй өв уламжлал, зан заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Иргэн Э.Очирваань та 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв Цэнгэлдэх хүрээлэнд “Зуны зугаа-113” нэртэй тоглолт зохион байгуулахдаа Буриад үндэстний соёлын үнэт өв болсон ардын дуу “Эргэлдэн наадъя”/ёохор/ дууг:
“Тохойн чинээ боовондоо
Тостой гондом углая аа,
Тонгойж байгаа охиных нь
Дотоожийг нь сугалъя аа.
Уруул амыг нь хөхье өө
Оройжингоо нухъя аа
Эргэлдэн наадъя аа
Элдэв янзаар шаалцъя аа” гэж утга санааг нь илтэд гуйвуулан дуулсан нь хүүхэд залууст садар самуун сурталчилж, охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд уриалсан, Буриад үндэстний өв соёлд бүдүүлгээр халдан доромжилсон үйлдэл боллоо. Тиймээс Монголын Буриадын Төв Холбооны зүгээс,
Монгол улсын Үндсэн хуулийн дүгээр зүйлийн 14.2
Соёлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5
Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж,
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу дараахь шаардлага бүхий мэдэгдлийг хүргүүлж байна. Үүнд:
- Буриад үндэстний өв соёл, ёс заншлыг илтэд гутаан доромжилсон үйлдэлдээ 5 /ажлын тав/ хоногийн дотор албан ёсоор уучлалт гуйх
- Дахин ёс бус үг хэллэгтэй болгон гуйвуулсан дууг олон нийтийн өмнө дуулахгүй, цацахгүй байхыг шаардаж, энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.
Дээрх шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд тус холбооны зүгээс дараагийн шатны арга хэмжээг авч холбогдох хууль хяналтын байгууллагад хандан дээр заасан хуулийн дагуу шийдвэрлүүлэхээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

2025 оны зун Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтууд:






















Энэ мэт маш олон задгай талбайн тоглолтууд зохион байгуулагдсан бөгөөд “Зуны зугаа-113” нэртэй тоглолтын үеэр Цагдаагийн ерөнхий газарт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 35 дуудлага, мэдээлэл ирсний 22 дуудлагыг эрүүгийн хэргийн бүртгэлд оруулан шалгагдсан байдаг.
Тоглолтын үеэр 140 цагдаагийн албан хаагч хяналт тавьж ажиллаж 10 хутга, зодооны хэрэгсэл хоёрыг хураасан бол 18 хүнд алдсан, гээсэн зүйлийг нь хүлээлгэн өгч, насанд хүрээгүй ч архи согтууруулах ундаа хэрэглэсэн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байгаа юм.
Задгай талбайн шоун дээрх золгүй явдал үүгээр дуусаж ирэх ондоо энэрэнгүй, соёлтой үзэгчид олон болох болтугай.






