
Өнөөдөр Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ өдөртэй холбогдуулан Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн, Түүхийн тэнхимийн багш доктор профессор Ц.Гантулгатай ярилцлаа.
-Ярилцлагаа өнөөдөр тохиож байгаа 12-р сарын 29 буюу “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийн талаар эхлүүлье. Энэ өдөр нь ямар утга учиртай өдөр вэ?
-12-р сарын 29 хэмээх энэ өдөр нь Монголчуудын хувьд мартаж болшгүй түүхэн өдөр. Яагаад вэ гэвэл 12-р сарын 29-ний өдөр нь Монголчууд манж Хятадын дарангуйллаас салж, эрх чөлөө тусгаар тогтнолоо эргүүлэн авч, туурга тусгаар Монгол Улсаа дэлхий дахинд тунхаглан зарласан түүхт өдөр.
Тэртэй цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний өдөр морин цагт VIII-р богд Жавзандамба хутагтыг “Наран гэрэлт, шашин төрийг хослон баригч” хаанд өргөмжилж Монгол Улс сэргэн мандсан түүртэй.
–Тухайн үеийн Манжийн эрхшээлд байсан үеийн Монгол Улс ямар байдлаар түүхийн хуудсанд үлдсэн байдаг бэ?
-Аливаа үйл явдал хоёр талтай Монголчууд Манж Чин гүрний эрхшээлд орсон явдал түүхэн бодит шалтгааны улмаас болсон үйл явдал юм. Тэрнээс биш хэн нэгний хүсэлтээр, тулган шахалтаар ч гэх юм уу эрхшээлд орчихсон гэж хэлж болохгүй юм. Монголчууд Манжийн эрхшээлд орсон үйл явдал нь бидэнд маш том түүхэн сургамж үлдээсэн.
Хүчирхэг мандаж явсан эзэнт гүрэн, Дэлхийн түүхийг чиглүүлэн жолоодож явсан Монгол Улс түүний үр хойчис эцэстээ харийн эрхшээлд орж бусдын хууль дүрмийн дор, бусдын захиргаан дор амьдрах болсон түүх үнэн.
Нөгөөтээгүүр Монголчуудын эрхшээлд байсан эртний Алтан Улсын үр хойчис түүхийн тэр цаг үед төрт улсаа сэргээн байгуулж Монголчуудыг хураан нэгтгэж захирсан үйл явдал болсон. Шинээр сэргэн мандсан Манж Чин гүрний эрхшээл дор байгаа Монголчууд ирж буй аюул, тулгарч буй нөхцөл байдлыг хүлээн авч зарим талаар өөртөө ашигтай хувилбарыг сонгож зөвшилцөн тохиролцох алхмыг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл хуучин ёс уламжлалаа хэвээр нь авч үлдье, Монголын газар нутагт Хятад иргэдийг оруулж ирэхгүй байя гэх мэт зөвшилцөлд хүрч манжийн эрхшээлд орсон юм. Энэ үеийн түүхээс бидний авах сургамж нь үйл явдлыг урьдчилан харж, боломжийг бүрэн дүүрэн ашиглах учиртай гэдгийг сургамжилсан.
-1911 оны хувьсгалыг тухайн үед ямар хүмүүс манлайлж байсан бэ?
-Аливаа түүхэн эргэлтийн томоохон чухал үйл явдлыг удирдагч, манлайлагчгүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй шүү дээ. “Түүх хэрэгцээтэй цаг үедээ хэрэгтэй хүнээ төрүүлдэг” гэдэг шиг бүх Монгол үндэстэн 19-р зуун гэхэд манжаас сална гэсэн зорилго, эрмэлзэлтэй болчихсон байсан. Бүх Монголчуудын хүсэж зорьж байгаа үйл хэргийг хэн нэгэн удирдан манлайлж араасаа олон түмний хүчийг дагуулахгүйгээр амжилтад хүрнэ гэж байхгүй шүү дээ.
Чингис хааны алтан ургийн сурвалжит язгууртнууд болох ноёд болох Чинван Ханддорж, Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав, Богдтой ойр байсан Да лам Цэрэнчимэд гэх мэт олон зүтгэлтнүүд байлаа. Түүний дотор ар, өвөр Монголчуудад хүлээн зөвшөөрөгдөх нэг хүн байсан нь VIII-р Богд Жавзандамба хутагт байлаа. Тийм ч учраас түүхчид түүнийг 1911 оны хувьсгалын оюун санааны удирдагч гэж үздэг.
-Тухайн үед манжийн дарлалаас гарахын тулд Оросуудаас тусламж хүссэн байдаг шүү дээ. Оросууд ямар төрлийн тусламжийг тухайн үед Монголчуудад хүргэж байсан бэ?
-Орос тухайн үед Евроазийн тавцан дээр сэргэн мандаж их гүрний түвшинд гарч ирэх бодлоготой байлаа. 19-р зууны эхэн үеэс алс дорно руу бодлогоо чиглүүлж эхэлсэн. Тэр утгаараа тэдний хараанд хамгийн түрүүнд хараанд өртсөн орны нэг бол Манжуур Монгол. Яагаад гэвэл Оросын газар нутагтай хил залган оршиж байна шүү дээ. 1820-иод оны үеэс эхлэн хаант Оросууд Монгол хэл сургаж, мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байдаг. Үүний учир нь “Хэзээ нэгэн цагт Манжийн их гүрэн задарна. Тэр үед бид ямар бодлого явуулах ёстой вэ гэдгийг эртнээс тооцоолж байгаа хэрэг”
–Сүүлийн үед түүхийг гуйвуулж ярих болжээ. Энэ талаар таны бодол, санаа тань ямар байдаг вэ?
-Манай зарим нэг хүмүүс манжийн үед доменион байсан, түшмэг хараат улс байсан юм гэх мэт зүйлүүдийг яриад, бичээд байна лээ. Асуудлыг олон талаас нь авч үзээд ийм нэг өнцөг байж болох юм гэж харвал тийм өнцөг байж болно. Гэхдээ нэг өнцгөөс харсан зүйлээр бүхэл бүтэн үйл явдлыг бүхэлд нь дүгнэнэ гэж байж болохгүй. Бид манжийн эрхшээлд орсноороо өөрийн гэсэн хаан байхгүй манжийн хааныг өөрийн хаан гэж хүлээн зөвшөөрсөн. Бид өмнө нь бие даасан бодлого шийдвэр гаргаад өөрийн хуульд захирагдаж амьдардаг байсан бол манжийн төрөөс тогтоосон Гадаад Монголын төрийг засах яамны хууль зүйлийн бичиг гэх хуулийн дагуу тэдний бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж аж төрж байсан болохоос өөрсдөө бие дааж бодлого% шийдвэр гаргаж байсангүй шүү дээ.Тухайн үед Монгол Улсад нийслэл гэж байсангүй бүх бодлого, шийдвэрүүд манжийн хаанд хүрдэг байлаа.
-Өнөөдөр болж буй “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан” баярын өдөрт зориулж уншигчид даа хандаж үг хэлнэ үү.
Өөрийгөө Монгол хүн гэж боддог Дэлхий даяар тархан суугаа бүх Монголчуудын хувьд 12-р сарын 29 гэдэг өдөр чухал өдөр юм. Энэ өдрийн буянаар бид эртний түүхтэй Монгол Улсын гал голомтыг хадгалж НҮБ-ын бүрэн эрхтэй гишүүн болж, хэдийгээр их гүрнүүдийн шахалт хавчлагаар хилийн гадна үлдсэн ч сэтгэл зүрхэндээ Монголынхоо гал голомт, төр, ёс уламжлалаа эрхэмлэн дээдэлдэг ний Монгол туургатан ахан дүүсийн хувьд энэ өдөр маш чухал өдөр. Бүгдэд нь “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой”-н баярын мэнд хүргэе.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.






