
Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаагчид нэгнийхээ эрх чөлөөнд халдсан бичлэг олон нийтэд цацагдаж, нийгмийг цочроосон. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх, дүрмийн бус харилцааг таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ахалж байна.
Ажлын хэсэг дотоодын цэргийн 05 дугаар ангид ажиллаж, хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд албаны бүрэн шалгалт хийж байна. Мөн дотоодын цэргийн бүх ангид шалгалт хийн, хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хууль тогтоомж, цэргийн дүрмийн хэрэгжилтийг үнэлж, зөрчил дутагдлыг илрүүлэн, шалтгаан нөхцөлийг арилгуулах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох юм. Шалгалтын дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулах болно.






