
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох яамнаас мэдээлэл хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин “Сүүлийн үед шатахуун түгээлт, импорт, борлуулалттай холбоотойгоор иргэдийн дунд очер дараалал үүссэн. Энэ нөхцөл байдлыг бид мэдэж байгаа бөгөөд сүүлийн 7 хоногт ОХУ-аас нефть бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудтай шуурхай ажиллаж байна. Үүний үр дүнд сарын эхэнд нийлүүлэлт нэмэгдэж байсан ч сарын дундуур тасалдал үүссэн бөгөөд сарын сүүл рүү нийлүүлэлт сайжирч, ард иргэдэд шатахуун хүрэх нөхцөл сайжирсан.
ОХУ-ын Засгийн газар болон оросын талын төлөөлөгчидтэй уулзаж нөхцөл байдлаа тайлбарласны үр дүнд сүүлийн өдрүүдэд Е-92 бензин зэрэг нефть бүтээгдэхүүн сайтар нийлүүлэгдэж байна. Гэсэн ч эхний үед очер буурах нь удааширсан тул бид шуурхай арга хэмжээ авч, нефть импортлогч компаниудтай хамтран ажилласан. Үүний үр дүнд өнөөдрөөс шатахуун түгээх станцууд дээр очер харьцангуй багассан байна.
Өчигдөр яамны ажилтнууд шөнийн 11 цагаас 3 цаг хүртэл ШТС болон агуулахад мониторинг хийж, нийлүүлэлт болон нөөцийн байдлыг шалгалаа. Одоогоор 250 гаруй ШТС-д шатахуун нийлүүлэгдэж, нөөц бүрдсэн. Өчигдрийн байдлаар 181 ШТС-д 92, 95 бензин түгээлт хийж, очер харьцангуй багасч байна. Мөн 24-нд 174 вагон, 25-ны байдлаар 36 вагон 92 бензин агуулахад бууж, ШТС руу тараахаар ажиллаж байна.
Иймээс иргэд та бүхэн шинэ жил, шинэ оны баярыг тэмдэглэхдээ шатахуунд санаа зовох шаардлагагүй бөгөөд нөхцөл байдал харьцангуй тогтворжсон байна” гэв.






