
Монгол Улс өмч хувьчлалын бодлого хэрэгжүүлээд 35 жил болж байгаа бөгөөд 1991 оноос хойш нийтдээ 2019 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, хувьцааг бүхэлд нь, эсвэл тодорхой хувийг хувьчилж, улсын төсөвт 278 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан.
2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байдаг байна.
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэгтгэсэн дүнгээр нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 74.3 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 35.9 хувь), нийт орлого 26.0 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.5 хувь), нийт өр төлбөр 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.6 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.7 хувь)-тай тус тус тэнцэж байна.
Засгийн газраас “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж эхэллээ.
Төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн болон стратегийн хөрөнгө оруулалт, санал болгох хувьцааны хэмжээг үндсэн чиглэлээр тодорхойлсны дагуу нээлттэй хувьцаат компани болгох, төрийн мэдэлд байх өмчийн хүрээг дахин тодорхойлох төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг тодорхой шалгуурын хүрээнд ангилж авч үзэж, ангилал тус бүрийн онцлогт тулгуурлан төрийн зүгээс тухайн компанид оролцох өмчлөлийн бодлогыг ялгамжтай авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Мөн давхардсан чиг үүрэгтэй, үр ашиггүй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, цэгцлэх үүднээс чиг үүргийн давхардлыг арилгах, бүтэц, орон тоог оновчлох замаар төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна.
Төсөлд эхний ээлжид олон нийтэд нээлттэй болгох, хувьцааг биржээр арилжаалах, төрийн мэдлийн хувьцааг худалдах болон өөрчлөн байгуулахаар дараах компаниудыг тусгажээ.
Төрийн өмчит:
- “Монголын цахилгаан холбоо” ХК;
- “Хөдөө аж ахуйн бирж” ХХК;
- “Үндэсний давхар даатгал” ХК;
- “Монголын хөрөнгийн бирж” ХК;
- “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК;
- “Шивээ овоо” ХК;
- “Багануур” ХК;
- “МИАТ” ТӨХК;
- “Төрийн банк” ХК;
- “Эрдэнэс Тавантолгой” ХК;
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
- “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;
- “Дулааны III цахилгаан станц” ХК;
- “Дулааны IV цахилгаан станц” ХК;
- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
- “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;
- “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдана.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой:
- “Дулаан шарын гол” ТӨХК;
- “Цемент шохой” ТӨХК;
- “Монгол шуудан” ХК;
- “Багануур дулааны станц” ТӨХК;
- “Налайхын дулаан станц” ТӨХК;
- “Хөвсгөл дулааны станц” ТӨХК;
- “Ховд дулааны станц” ТӨХК;
- “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.
“Эрдэнэс монгол” ХХК; “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК; “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК; “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ; “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ХХК; “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулахдаа бүх зүйл зүй зохисын дагуу буюу цахимжсан, орчин цагт хөндлөнгийн байгууллагаар төрийн өмчийн хөрөнгүүдийг бодитоор үнэлүүлж, нээлттэй, ил тодоор худалдаалж, хөндлөнгийн хяналттай, олон улсын болон дотоодын аудитаар хийгдэх юм.
Мөн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн энгийн хувьцааны 49 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байхаар төсөлд тусгажээ. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлсний дараа энгийн хувьцааны 66 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих бөгөөд төрийн эзэмшил 34 хувиас багагүй байхаар; “Үндэсний давхар даатгал” ХК-ийн энгийн хувьцааны 34 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих, хувьцааг арилжаалахдаа ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын хөрөнгө оруулагчдад тэргүүн ээлжид санал болгон хуваарилах зарчим баримлах, төрийн эзэмшил 66 хувиас багагүй байхаар тусгажээ.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гарган биржээр нээлттэй арилжаалах бөгөөд төрийн эзэмшлийн хувийг 51 хувиас багагүй байлгахын зэрэгцээ хувьцааг арилжаалахдаа олон улсын хөрөнгө оруулагчдад тэргүүн ээлжид санал болгон хуваарилах зарчмыг баримтална.
“Хөдөө аж ахуйн корпорац” ХХК-ийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлсний дараа энгийн хувьцааны 49 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байх;
“Шивээ овоо” ХК-ийн энгийн хувьцаа 49 хүртэлх хувийг нэмэлт хувьцаа гарган биржээр нээлттэй худалдах арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байх; “Багануур” ХК-ийн энгийн хувьцаа 24 хүртэлх хувийг нэмэлт хувьцаа гарган биржээр нээлттэй худалдах арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байхаар төсөлд тусгажээ.
“МИАТ” ХК-ийн энгийн хувьцааны тодорхой хэсгийг стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, энгийн хувьцаа нэмж гарган олон улсын биржээр нээлттэй худалдах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж төсөлд тусгасан байна.
“Төрийн банк” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааг 51 хувиас багагүй хэмжээнд үлдээж, Хадгаламжийн даатгалын корпорацын эзэмшлийн 45.03 хүртэлх хувийг биржээр нээлттэй худалдах аж.






