
Цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Сургуулийн бага ангийн хүүхдүүдийн хичээл түр завсарласантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний ачаалал буурч, эрүүл мэндийн салбар болон хүүхдийн байгууллагуудад үүсдэг дарамт харьцангуй багассан сайн мэдээ байна. Гэвч өнгөрсөн долоо хоногт улаан бурхны халдвар нэмэгдэх хандлага ажиглагдлаа. Өмнө нь өдөрт 1–2 тохиолдол бүртгэгддэг, зарим өдөр бүртгэгдэхгүй байсан бол сүүлийн гурван өдөр дараалан 7, 12, 9 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын хувьд анхаарал татсан асуудал болж байна.
Өвлийн амралтын улирал эхэлж, иргэд дулаан орнууд руу зорчих нь нэмэгддэг. 2025 оны хоёрдугаар сард Вьетнам улсаас улаан бурхан зөөвөрлөгдөн орж ирж, Монгол Улсад дэгдэлт үүссэнийг та бүхэн санаж байгаа. Тухайн үед вакцинжуулалтыг эрчимжүүлж тодорхой хэмжээнд дарж чадсан боловч вакцинд хамрагдах ёстой хүүхдүүдийн дөнгөж 65 хувь нь хамрагдсан. Улаан бурхны дэгдэлтийг бүрэн дарахад вакцинжуулалтын хамралт 95 хувиас дээш байх шаардлагатай. Иймд дэгдэлт бүрэн хяналтад орохгүй байгаа гол шалтгаан нь вакцины хамралт хангалтгүй байгаатай холбоотой.
Иргэд гадаад улс руу, ялангуяа амралтад зорчихдоо хүүхдүүдийнхээ улаан бурхан, татран, улаанууд, гахайн хавдрын вакциныг бүрэн хийлгэсэн эсэхийг заавал шалгахыг анхааруулж байна. Мөн 6–8 сартай, вакцины нас нь хараахан болоогүй хүүхдүүдэд зориулсан улаан бурхны нэмэлт вакцинжуулалтыг ӨЭМТ-үүдээр хийж байгаа гэдгийг сануулъя. Амралтаас буцаж ирэхдээ халдвар тээж ирэх, эсвэл тухайн улс оронд өвчлөх эрсдэл өндөр хэвээр байгааг хэвлэл мэдээллээр дамжуулан анхааруулж байна.
Төлөвлөгөөт бэлэн байдлын тухайд, томуу, томуу төст өвчинтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг эртнээс авч хэрэгжүүлсний үр дүнд вакцинжуулалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд эмнэлгийн коридорт хэвтэх нөхцөл үүсээгүй. Өнөөдрийн байдлаар орны ашиглалт 80 хувьтай байгаа нь орны нөөц хангалттай байгааг харуулж байна. Амбулаторийн үзлэгийн тоо буурч байгаа ч эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо хараахан буураагүй тул бүрэн тайвшрах эрт байна.
Хүйтний улирал үргэлжилж, хүүхдүүд гэртээ илүү их цагийг өнгөрөөж байгаа энэ үед эцэг эх, асран хамгаалагчид ахуйн ослоос сэргийлэх, дулаан хувцаслах, шим тэжээлтэй хоол өгөх, дархлааг нь дэмжихэд онцгой анхаарах шаардлагатай. Хүн олноор цугларсан газраар явахдаа хүүхдүүдэд маск зүүлгэх нь томуу, томуу төст өвчнөөс гадна улаан бурхнаас сэргийлэх чухал арга юм. Улаан бурхны халдвар нэмэгдэх хандлагатай байгааг дахин онцолж анхааруулж байна.
Дархлал олдмол хомсдолын хам шинж үүсгэгч вирусийн халдвартай 12 иргэн эмнэлгийн хяналтаас гадуур байна гэсэн мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын түвшинд асуудлыг хэлэлцэж, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Эдгээр иргэдийг илрүүлж, эмнэлгийн хяналтад оруулах нь чухал. Учир нь вирусийн эсрэг эмээ тогтмол уухгүй тохиолдолд халдварыг бусдад тараах эрсдэлтэй.
Энэ асуудалд өвчтөний хувийн мэдээллийн нууцлалыг чанд сахиж байгааг онцлон хэлье. Хэрэв хяналтаас гарсан, эсвэл өөрийгөө хяналтад хамрагдаагүй байж болзошгүй гэж үзэж байгаа иргэн байвал ХӨСҮТ-д заавал ирж, хяналтдаа орон, вирусийн эсрэг эмчилгээгээ үргэлжлүүлэхийг уриалж байна. Эмчилгээг тогтмол хийснээр халдвар бусдад дамжих эрсдэлгүй болдог.
Хяналтаас гарсан тохиолдлуудын дийлэнх нь сүүлийн гурван жилийн хугацаанд бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яам дангаараа шийдвэрлэх боломжгүй тул хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, илрүүлэлт, хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
ДОХ, сүрьеэтэй тэмцэх чиглэлээр ДЭМБ-ын харьяа байгууллагууд болон олон улсын хандивлагчид, ялангуяа Глобал сан чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус сангаас жил бүр ДОХ, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин болон олон нийтэд аюултай халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэхэд ойролцоогоор 20 гаруй сая ам.долларын санхүүжилт, дэмжлэг үзүүлдэг.
Иймээс энэхүү санхүүжилтийг зөв, үр ашигтай зарцуулах нь нэн чухал. Зарцуулсан хөрөнгө бүр бодит үр дүн өгч, хяналтад хамрагдсан иргэдийн тоо нэмэгдсэн байх ёстой. Энэ хүрээнд үр дүнгийн хяналт, шалгалтын ажлуудыг зохион байгуулж, хэрэгжилтийг нягтлан шалгалаа.
Мөн Глобал сангийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Үүний үр дүнд Глобал сангийн үндэсний зохицуулагчийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулах урилгыг өнөөдрөөс эхлэн зарлаж байна” гэв.






