
УИХ, Э.Одбаяр “Баахан л сандал ширээ, дарга цэрэг солигдож, ордон дотор өрөөнүүд нүүж, албан тушаалууд хуваарилагдаад дуусчих шиг боллоо. Дэд сайдууд элчин сайд нараа томилж дуусаад, одоо тэр томилгоо, хуваарилалт нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд рүү орж байгаа юм байна гэж ойлгож байна. Үүнийг харахаар үнэхээр гайхаж сууна. Одоог хүртэл яг л хуучнаараа сэтгэж байгаа мэт санагдаж байна.
Нэг талаар хувьчлал оруулж ирж байгаа бодлого мэт харагдавч, нөгөө талаар энэ ажлыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх сонирхол Ардын намд байхгүй юм шиг ажиглагдаж байна. Зүгээр л улс төрийн маргаан ид өрнөж байгаа энэ үед оруулж ирье гэсэн бодол давамгайлж байгаа болов уу. Дээрээс нь сая дэд сайд, бусад албан тушаалтнуудыг томилохдоо төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд АН-ын хяналтын менежерүүдийг олноор нь томилсон мэт мэдээллийг олон нийтэд түгээчихээд, дараа нь хувьчлал хийнэ гэх мэтээр тайлбарлах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм шиг харагдаж байна. Өмнө нь АН-аас хүмүүс томилогдсон, тиймээс энэ ажил биелсэн мэт ойлголт төрүүлэхээр бэлтгэж байгаа ч юм болов уу гэж би харж байна.
Мөн чанартаа бол, дээр дурдсанчлан, албан тушаал, суудлын л хуваарилалт үргэлжилж, дараагийн шатанд нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд орж ирж байгаа явдал юм. Харин бид үүнийг “бялуу хуваах” маягаар бус, жинхэнэ утгаараа чөлөөт эдийн засгийг дэмжих, төрийн өмчийг багасгах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хувийн хэвшилтэй өрсөлддөг энэ зохисгүй байдлыг арилгах чиглэлд хийх ёстой. Түүнчлэн IPO хийж, хөрөнгө оруулалт татан, олон нийтэд хувьцаагаа санал болгосноор компанийн мөнгөн урсгал сайжирч, үйл ажиллагаа нь тэлэх өөрөөр хэлбэл сонгодог утгаар нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувьчлах зам руу явах сэтгэл зүйн бэлтгэл одоогийн эрх баригч намд хараахан бүрдээгүй байна гэж би анзаарч байна.
Иймээс энэ асуудлыг би дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд хандаж хэлэхэд, цаг нь арай болоогүй байна гэж ойлгож байна. Тиймээс одоохондоо хойшлуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна” гэлээ.






