
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгүүдийн Яаралтай тусламжийн тасагт 2024 онд түлэгдэлтийн улмаас нийт 5864 хүн тусламж, үйлчилгээ авсан байна. Эдгээр тохиолдлын дийлэнх нь бага насны хүүхдүүдэд хамаарч байгаа нь статистик мэдээллээс харагдаж байна.
2024 оны түлэгдэлтийн тоон мэдээлэл
Насны бүлгээр авч үзвэл:
0-4 нас: 2448
5-9 нас: 483
10-14 нас: 299
15-18 нас: 185
Шалтгааны хувьд:
- Халуун хоол, цай, ундаа, өөх тосонд түлэгдэх – 1797
- Хэрэглээний халуун усанд түлэгдэх – 1243
- Халаах хэрэгсэл, дулааны халаагуур, дамжуулах хоолойд түлэгдэх – 670
- Гэр ахуйн зориулалттай халуун хэрэгсэлд түлэгдэх – 601
- Халуун ууранд түлэгдэх – 243
- Бусад тодорхой утаа, гал дөлд өртөх – 238
- Цахилгаан гүйдэл дамжуулах шугамд өртөх – 162
- Шатамхай биет шатахад өртөж гэмтэх – 99
- Бусад тодорхойгүй халуун зүйлд түлэгдэх – 87
- Халуун хөдөлгүүр, машин, техник, багажинд түлэгдэх – 60
- Бусад халуун шингэнд түлэгдэх – 51
- Тодорхойгүй утаа, гал дөлд өртөх – 36
- Бусад халуун металлд түлэгдэх – 22
- Аянганд ниргүүлэх – 6
- Хувцас гал авалцаж шатах, хайлах – 4
- Барилга байгууламжийн галд өртөх – 2
2025 оны эхний 11 сарын статистик
2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 30-ны хооронд зөвхөн түлэгдэлтийн улмаас 5457 хүн тусламж, үйлчилгээ авчээ.
Хүйсээр нь:
Эрэгтэй: 2792
Эмэгтэй: 2665
Насны бүлгээр:
0 – 4 нас: 2208
5 – 9 нас: 502
10 – 14 нас: 279
15 – 19 нас: 207
Шалтгааны ангиллаар:
- Халуун хоол, цай, ундаа, өөх тос – 1704
- Хэрэглээний халуун ус – 1262
- Гэр ахуйн зориулалттай халуун хэрэгсэл – 989
- Халаах хэрэгсэл, дулааны шугам – 231
- Халуун уур – 269
- Бусад тодорхой утаа, гал дөл – 245
- Цахилгаан гүйдэл – 123
- Шатамхай биет – 95
- Бусад халуун шингэн – 91
- Бусад тодорхойгүй халуун зүйл – 65
- Халуун хөдөлгүүр, техник – 48
- Бусад халуун металл – 32
- Тодорхойгүй утаа, гал дөл – 27
- Хувцас шатах, хайлах – 5
- Халуун агаар, хий – 6
- Барилга байгууламжийн гал – 1
Түлэгдэлтийн улмаас эмнэлгийн тусламж авсан нийт үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь хэвтэн эмчлүүлж, мэс засал болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг байна.
Хүүхдийн түлэгдэлт сурагчдын амралтын үеэр нэмэгддэг
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн мэдээллээр сургууль, цэцэрлэг амарсан хугацаанд хүүхдийн түлэгдэлтийн тохиолдол нэмэгддэг байна. Ялангуяа 0 – 5 насны хүүхдүүдийн дунд ахуйн түлэгдэлт давамгайлж байгаа аж. Амралтын өдрүүд, баяр ёслолын үеэр, мөн хичээл завсарласан хугацаанд түлэгдэлтийн тоо өсөх хандлага ажиглагддаг байна.
Түлэгдэлт нь талбай бага байсан ч хүндрэх эрсдэлтэй гэмтэлд тооцогддог. Анхан шатны тусламжийг зөв авч чадаагүй, эсвэл шаардлагатай үед эмнэлэгт хэвтүүлээгүйгээс шалтгаалан хүндрэх, амь насанд эрсдэл учрах тохиолдол бүртгэгддэг байна. Түүнчлэн ханиад, томуутай хүүхэд түлэгдсэн үед биеийн байдал давхар хүндрэх эрсдэлтэй аж.
Түлэгдэлтийн үед авах анхны тусламж
- Түлэгдэлтийн үед дараах дарааллыг баримтлахыг зөвлөж байна. Үүнд:
- Түлж байгаа эх үүсвэрийг яаралтай холдуулах
- Түлэгдсэн хэсэгт хүрсэн бүх хувцсыг болгоомжтой тайлах
- Урсгал хүйтэн усаар 10-15 минут хөргөх
- Хэт хүйтэн, мөстэй ус хэрэглэхээс зайлсхийх
- Цэвэр даавуу, алчуураар түлэгдсэн хэсгийг сул ороох
- Хүүхдэд тохирсон өвдөлт намдаах лаа хэрэглэх
- Талбай том, гүн түлэгдсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах
- Түлэгдсэн хэсэгт тос, түрхлэг, уламжлалт ардын арга хэрэглэх нь хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул хэрэглэхгүй байх шаардлагатай.
Түлэгдэлт нь урьдчилан сэргийлэх боломжтой гэмтэлд тооцогддог бөгөөд гэрийн орчны аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдэд тогтмол хараа хяналт тавих нь түлэгдлээс сэргийлэх үндсэн нөхцөл болдог байна.






