
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “Өчигдөр зарим шатахуун түгээх станцууд (ШТС) үнийн самбараа өөрчлөн Евро 5 стандартын бүтээгдэхүүн зарж эхэлсэн. Жишээ нь: Тэс Петролиум компани 3080 төгрөгөөр, Шунхлай компани 2990 төгрөгөөр, Петровис компани 2990 төгрөгөөр, Сан Петролиум 2930 төгрөгөөр зарагдаж байна. Зарим ШТС-аар үнийн зөрөөтэйгээр борлуулж эхэлсэн.
92 авто бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд сэтгүүлчдээс олон асуулт ирж байгаа тул өнөөдрийн мэдээллийг хүргэж байна. Урьд нь бид ОХУ-ын Роснефть компанитай 60 мянган тонн бүтээгдэхүүнийг 705 ам.доллараар худалдаж авдаг байсан. Энэ нь энгийн 92 буюу Евро 2 стандартын бүтээгдэхүүн юм. Өнгөрсөн сард бид 75 мянган тонн бүтээгдэхүүн хэрэглэсэн бол энэ сард 85 мянган тонныг захиалж хэрэглэж байна. Үүнтэй холбоотойгоор 25 мянган тонныг ОХУ-аас Евро 5 стандартын бүтээгдэхүүнээр нийлүүлж байна.
Евро 5 стандартын бүтээгдэхүүний үнэ компаниудаар харилцан адилгүй байна. Жишээ нь: Роснефть компани 800 ам.доллараар, Газпром компани 800 ам.доллараар, Нефть Хими Сервис компани 890 ам.доллараар, бусад үйлдвэрүүд 1005.50 ам.доллараар нийлүүлж байна. ОХУ-д авто бензиний үнэ нэмэгдэж, Москва орчимд 62–64 рубль болжээ. Монгол төгрөгөөр шилжүүлбэл ойролцоогоор 2800 төгрөг байна. Хил залгаа Буриад, Саха, Якут зэрэг бүс нутгуудад харьцангуй өндөр, 4000 төгрөг орчим үнэтэй байна.
Евро 5 стандартын 92 авто бензиний үнэ нэмэгдсэн байна. Дизель түлшний хувьд энгийн (Евро 2 стандарт) дизель 767 ам.доллараар, Евро 5 стандартын дизель хамгийн хямд нь 967 ам.доллараар худалдаалагдаж байна. ШТС-уудаар 1 литр нь 3700–3850 төгрөгөөр зарагдаж байна. Хөдөө орон нутагт Евро 5 стандартын бүтээгдэхүүн голчлон уул уурхайд хэрэглэгдэж байна.
Шатахууны нийлүүлэлтэд ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотод болж, нийлүүлэлт доголдолгүй байх, үйлдвэрлэлийн процессоо сайжруулж нийлүүлэлтийг тогтмолжуулах амлалтыг өгсөн. Сүүлийн 5 хоногт Оросын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс 300 гаруй вагон авто бензин Монгол Улсад нийлүүлэгдсэн. Монгол Улс өдөрт ойролцоогоор 40 вагон буюу 2200–2400 тонн авто бензин хэрэглэдэг тул нийлүүлэлт хэрэглээнээс давсан. Үүний үр дүнд гадуур үүссэн дараалал ойрын хугацаанд буурах төлөвтэй байна. Дизель түлшний хувьд өдөрт ойролцоогоор 2000 тонн хэрэглэдэг.
12 дугаар сард 135 мянган тонн бүтээгдэхүүн захиалсан бөгөөд бараг 90% нь Монгол Улсад нийлүүлэгдсэн байна. Дизель түлшний нийлүүлэлт асуудалгүй байна.
АМГТГ-ын дарга Баярбаатар Евро 5 болон Евро 2 стандартын бүтээгдэхүүнтэй холбоотой хийж байгаа ажлуудын талаар мэдээлэл өглөө. Иргэд бензинтэй холбоотой ойлголтын зөрүүтэй байгааг дурдсан. К5, К2 стандарт нь Европын стандарт бөгөөд 2006 оноос нэвтэрч эхэлсэн. Үнийн болон чанарын зөрөө байгааг тайлбарлав.
Евро 2 стандарт нь 1996 онд нэвтэрсэн, Евро 3 стандарт 2000 онд, Евро 4 стандарт 2005 онд, Евро 5 стандарт 2008 оноос хэрэглэгдэж байна. Евро 5 стандартад шилжсэнээр тоосонцрын хэмжээ 85%, нүүрс болон метан хаяг 80%, азотын ислэг 90%, хөдөлгүүрийн бохирдол 75% буурдаг.
Монгол Улсад АМГТГ өнгөрсөн хугацаанд агуулах болон ШТС-ууд дээр хяналтыг сайжруулсан. ШТС-уудын нөөц, орлогыг хянах системийг нэвтрүүлж, нэгдсэн тайлангийн системээр шалгаж байна.
Үнийн нэмэгдлийн талаар: ЕВРО 2 стандартын бүтээгдэхүүн 705 ам.доллараар авдаг бөгөөд 2590 төгрөгөөр зарагддаг. Евро 5 стандартын бүтээгдэхүүн ороод ирсэн тул ШТС-ууд зөвхөн Евро 5 бүтээгдэхүүнээр борлуулж байна. Зарим ШТС нь хоёуланг нь зэрэг зарах боломжтой боловч зарим нь зөвхөн Евро 5 бүтээгдэхүүн зарж байна.
Евро 5 стандартын бүтээгдэхүүн 2012 оноос дэлхий нийтэд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд 2012 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинууд Евро 5 стандартын түлш хэрэглэх ёстой. Үүнийг дагаад хэрэглэгчдийн зардал өсдөг боловч стандартыг мөрдөх нь агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой.
Автомашин эзэмшигчид Европ стандартын бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Энэ нь хөдөлгүүрийн элэгдэл, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Улаанбаатар хот Европ стандартаас доош бүтээгдэхүүн хэрэглэхийг төвийн бүсэд хориглосон бөгөөд иргэдэд урьдчилсан мэдэгдэл хүргэж, ойлголт өгөх ажлыг зохион байгуулж байна.
Бид хүссэн ч хүсээгүй Европ стандартад шилжинэ. ОХУ 100% Евро 5 стандартыг хэрэглэдэг бол БНХАУ, Бээжин хот Евро 6 стандартад шилжсэн, зарим хотуудад Евро 7 стандарт яригдаж байна. Монгол Улсад Европын стандартад шилжихээс зайлсхийх боломжгүй бөгөөд зах зээлийн үнээр бүтээгдэхүүн худалдан авч, эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.2 дахь заалтанд дурдсанаар, Монгол Улсад нэг ААН нийт нийлүүлэлтийн 30%-иас дээш хувийг эзлэхийг хориглодог. Одоогоор Роснефть компани 30%-иас дээш хувийг нийлүүлж байгаа бол бусад компаниуд, жишээ нь Газпром, жижиг хувь хэмжээг нийлүүлэх боломжтой. Томоохон гаднын компаниуд Монгол Улсад салбараа байгуулах боломжтой, энэ нь зах зээлийн нээлттэй байдалд нийцсэн зохицуулалт юм.
Гаднын компаниуд орж ирээд бүтээгдэхүүн хямд үнээр борлуулах боломж нь гааль, татвар болон зах зээлийн хэмжээтэй холбоотой. ОХУ-д ч дотооддоо хязгаарлалт, хомсдол байгаа тул нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлөх боломж хязгаарлагдмал.
Монгол Улсын 330 суманд салбаргүй компаниуд байгаагүй бөгөөд ШТС-уудыг тогтмол ажиллуулж, иргэдэд шатахуун нийлүүлэх боломж хязгаарлагдмал. Зах зээлийн жамаар ажиллахад зарим ШТС хаагдаж болно. Гэсэн ч цөөхөн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тул хамтран ажиллах шаардлагатай.
Шатахууны нийлүүлэлт ойрын хугацаанд хэвийн болно. Ор орон нутгуудад өвөлжилт хүндэрсэн аймгуудад шатахуун тасрах, урт дараалал үүсэх зэрэг асуудлуудыг зохицуулах түгээлт хийгдэж байна” гэлээ.






