
Ослын улмаас хөл нь саажсан Германы инженер бүсгүй Михаэла Бентхаус өнгөрсөн бямба гарагт Blue Origin компанийн New Shepard сансрын хөлөг онгоцоор далайн түвшнээс дээш 100 км өндөрт гарч, Карманы зурвасыг давсан анхны тэргэнцэртэй хүн болжээ.
Европын Сансрын Агентлагт инженерээр ажилладаг 33 настай Михаэла Бентхаус 7 жилийн өмнө уулын дугуй унаж яваад осолдож, нуруундаа гэмтэл авснаас болж хөл нь саажжээ.
Гэсэн ч тэрээр сансарт нисэх мөрөөдлөө орхиогүй ба тэргэнцэртэй хүн сансарт нисэх боломжтой эсэх тухай SpaceX компанид инженерээр ажиллаж байсан Ханс Кенигсманнаас асуухаар шийджээ. Х.Кенигсманн түүнд хариу илгээгээд зогсохгүй New Shepard сансрын хөлгөөр нисэхэд нь тусалж, төлбөрийнх нь тодорхой хувийг хувиасаа гаргажээ.
Х.Кенигсманн Михаэлатай хамт ниссэн 5 хүний нэг бөгөөд Михаэла түүнд сансарт нисэж үзэх урам зоригийг хайрласан гэдгийг онцолж, шаардлагатай үед нь туслахад бэлэн байхын тулд Михаэлагийн хажууд нь сууж ниссэн гэжээ.
Blue Origin компани тэргэнцэртэй хүнд бие даан хөлөг онгоц руу орж, суух боломжийг олгохын тулд шинээр тусгай төхөөрөмж угсарч бэлдсэн байжээ.
New Shepard-н дэд ерөнхийлөгч Фил Жойс Михаэла сансарт ниссэн нь сансар хүн бүрт нээлттэй гэдгийг, тэр дээр маш олон боломжууд байгаа гэдгийг олон сая хүмүүст харуулж чадлаа хэмээн онцолжээ.
Эх сурвалж: CNN






