
Батлан хамгаалахын сайд Д.Батлут цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ.
“ТВ5 телевизийн албан ёсны цахим хуудсаар цацагдсан “ААВ НЬ ӨНГӨРЧ, ЭЭЖ НЬ ХАЯАД ЯВСАН ИХЭР ОХИД ДҮҮГЭЭ ӨЛСГӨХГҮЙН ТУЛД ХОГ ТҮҮЖ, ЦАГИЙН АЖИЛ ХИЙЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАЙНА” гэх гарчигтай сурвалжилгад гурван хүүхдийн асран хамгаалагч болох ахыг нь цэрэгт татсан гэх агуулгатай мэдээлэл олон нийтэд түгсэнтэй холбогдуулан мэдээллийн үнэн бодит байдлыг шалгах үйл ажиллагаа явагдлаа.
Сурвалжлагад дурдагдсан гурван хүүхдийн ах болох С.М нь 2025 оны 10-р сарын 17-нд хугацаат цэргийн албанд өөрийн сонирхлоор явж, одоо Зэвсэгт хүчний … дугаар ангид албаа хааж байна.
Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус 2026.01.01-нээс эхлэн өөрөө хүсвэл нийгэмд эрэлттэй хүнд машин механизмын оператор, цахилгаанчин, гагнуурчин, өрлөгчин зэрэг 10 орчим мэргэжлээр богино хугацааны сургалтад хамрагдаж, боловсролын гэрчилгээтэй төгсөх боломжийг нээсэн.
Байлдагч С.М нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, гэрчилгээтэй болохоос гадна өөрөө хүсвэл Зэвсэгт хүчний ахлагчийн албанд улиран ажиллах бүрэн боломжтой.
Өнөөдөр, 2025.12.20-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 3 хүүхдийн асран хамгаалагч болох өвөө, эмээ, ээжтэй нь очиж уулзахад “Миний хүү болох С.М нь өөрийн хүсэлтээр цэрэгт татагдсан, цэргийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй тул үргэлжлүүлэн албаа хаах боломжоор хангаж өгнө үү” хэмээн хүссэн юм” гэжээ.







тийм мэргэжилтэй ажилтай болсон нь дээр
цэрэгт явсан бол хугацаагаа дуусгаад мэргэжилтэй болоод ирэх хэрэгтэй цаашдын амьдралд нь хэрэг болно