
Ж.Эпштейны арлаас олдсон гэрэл зургуудаас олон нийтэд үзүүлжээ
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны Ардчилсан намын төлөөлөл насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэрэгт буруутгагдаж, 2019 онд амиа хорлосон Жеффри Эпштейны гэрээс олдсон гэрэл зургуудаас шинээр 68-ыг олон нийтэд ил болгожээ.

Тэдгээр гэрэл зургууд дунд Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, хэл шинжээч, улс төрийн зүтгэлтэн Ноам Чомски, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөх асан Стив Бэнноны зургуудаас гадна гар утаснаас “Би чам руу яг одоо охид явуулъя” гэж илгээсэн мессежний скрийншот, эмэгтэй хүнийх байж болзошгүй хүний биен дээр шивсэн В.Набоковын “Лолита” зохиолын эшлэлүүд, ОХУ, Литва, Украин зэрэг орны эмэгтэйчүүдийн паспортуудын зураг багтжээ.


Ж.Эпштейны гэрээс олдсон олны танил хүмүүсийн гэрэл зургууд нь тэдгээр хүмүүс ямар нэг буруу, хууль бус зүйл хийсэн гэснийг илтгэхгүй бөгөөд эдгээр зургуудыг ил болгосон нь ямар нэг далд санаа агуулаагүй, зөвхөн Ж.Эпштейны гэрт хийсэн нэгжлэгийн ил тод байдлыг харуулах зорилготой хэмээн Ардчилсан намынхан мэдэгдсэн байна.
Нөгөө талаас Бүгд найрамдах намынхны зүгээс Ардчилсан намынхныг Ж.Эпштейны гэрээс олдсон олон мянган гэрэл зургууд дундаас олон нийтэд ил болгох гэрэл зургуудыг сонгохдоо санаатайгаар Ерөнхийлөгч Д.Трамп болон Бүгд найрамдах намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох зургуудыг сонгож байна хэмээн буруутгаж байгаа аж.


Долоо хоногийн өмнө Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо 90 орчим гэрэл зургийг олон нийтэд ил болгосны дотор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Ерөнхийлөгч асан Билл Клинтон, ханхүү цолоо хураалгасан Эндрю Маунбаттен-Уиндзор, Израилын Ерөнхий сайд асан Эхуд Барак нарын гэрэл зургууд байсан юм.






